Евро бүсээс Кипрт 10 тэрбум евро гаргахаар болов

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Евро бүсээс Кипрт 10 тэрбум евро гаргахаар болов

Евро бүсийн
(Еврогрупп) орнуудын Сангийн сайд нар өчигдөр шөнө дөл болтол хуралдаж,
Кипрт хямралыг тогтворжуулах зорилгоор 10 тэрбум евро гаргахаар болсноо
батлан мэдэгджээ.


Киприйн ерөнхийлөгч Никос Анастасиадис хэлэлцээрийн дараа

Georges Gobet / AFP

Кипрт
санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг  Евро бүсийн орнуудын 17 сайд нар,
мөн олон улсын зээлдүүлэгчид болох Европын Төв банк, Еврокомисс, ОУВС
дэмжжээ. Евро группын дарга бөгөөд Нидерландын Сангийн сайд Йерун
Дейсселблум тэмдэглэхдээ  хуралдааны хоёр дахь чухал шийдвэр нь Киприйн
Laiki Bank (Ардын  банк) банкны бүтцийн өөрчлөлтийг хийхээр тохиролцсон
явдал боллоо гэв.

Laiki Bank банкин дахь 100 мянган евро хүртэлх
хадгаламжуудыг Европын холбооны хууль дүрмээр баталгаажуулан Киприйн Төв
банкинд шилжүүлэх юм. Зуун мянгаас дээш еврогийн хадгаламжуудыг түр
хаагаад татварт хамааруулахаар болов. Баталгаагүй мэдээгээр бол тэдэнд
40 хувь хүртэл  нэг удаагийн татвар ногдуулж магадгүй. Дээрх арга
хэмжээг авснаар 4,2 тэрбум еврог цуглуулах боломжтой гэж Йерун
Дейсселблум хэлж байна. Энэ хоёр банкнаас бусад Киприйн банкууд дахь
хадгаламжид татвар тогтоох гэнэ.

Киприйн удирдлага, ЕХ-ны удирдлагын
хоорондын хэлэлцээр Брюссель хотноо ням гаригийн турш явагдсан ба
хэлэлцээр удааширсан учир Кипрт үзүүлэх 10 тэрбумын тусламжийн
шийдвэрийг 25-ний шөнө гаргасан байна.

Арван тэрбумын зээл авахын
тулд Кипр 5,8 тэрбум евро олох хэрэгтэй байв. Эхлээд банкны бүх
хадгаламжаас татвар авна гэснийг нь Киприйн парламент дэмжээгүй билээ.
Энэ сарын 15-наас Кипрт банкуудын ажиллагааг түр хаагаад байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж