МИАТ Москвад эвдэрсэн онгоцоо засаагүй байна

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

МИАТ Москвад эвдэрсэн онгоцоо засаагүй байна

МИАТ ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэг ОХУ-ын нийслэл Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудалд хоёр хоногийн турш саатаад байна. Онгоцны дугуй хагарч, эвдрэл гарсан тул ийнхүү ОМ136 нислэг саатжээ.

Гуравдугаар сарын 24-нд Монголын цагаар 03.50 цагт Берлинээс хөөрсөн хуваарьт нислэгт 120 гаруй зорчигчтой байжээ. Нислэг саатсан шалтгаан нь онгоцны нэг дугуй хагарснаас болсон гэж тус онгоцонд зорчиж явсан иргэн мэдээлсэн юм. Гэхдээ МИАТ компанийн зүгээс өдийг хүртэл албан ёсны мэдээлэл, тайлбар хийгээгүй байна.

Өчигдөр 17.00 цагийн үед МИАТ компанийн лавлах утаснаас нислэг саатсан тухай тодруулахад, “ОМ136 нислэг үйлдэж байсан онгоцны нэг дугуй нь хагарсан. Москвад саатаад 10 цаг болж байна. Онгоцны гэмтлийг засахаар Улаанбаатараас “Аэрофлот”-ын онгоцоор дугуй, сэлбэг хэрэгсэл Москва руу явуулсан. Москвад очмогц дугуйгаа солиод, гурван цаг орчмын дараа Москвагаас гарах төлөвлөгөөтэй байна. Москвагаас Улаанбаатар хүртэл зургаан цаг ниснэ” гэх мэдээлэл өгсөн юм. Гэвч онгоцны эвдрэлийг одоо хүртэл засаагүй байгаа тухай зорчигчид манай редакцид мэдээлэл ирүүлсээр байна.

ОМ136 нислэгээр зорчиж явсан зорчигч бидэнд "Сайн байна уу. Та бүхэнд мэнд хүргэе. Манай онгоц Москвагаас нисдэггүй ээ. Урьд шөнө бизнес ангиллын зорчигчдоос бусад нь нисэх буудлын шалан дээр унтлаа. Хоёр өдөр ийм байдалтай байна. МИАТ-ийн зүгээс ямар ч арга хэмжээ байдаггүй. Онгоц хэзээ нисэх, зорчигчдыг хэрхэх эсэх тухай ямар ч мэдээлэл алга. Сонсох нь ээ, онгоцыг "Аэрофлот"-ын засварын газарт бүрэн засварт оруулж байгаа сурагтай" гэсэн мэдээлэл ирүүлсэн юм.

Берлинээс ирэх онгоцонд солихоор аваачсан дугуй Оросын хил, гаалийн асуудлаас болж саатсан гэх албан бус мэдээлэл байна.

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж