Санамсаргүй биш хүмүүсийг “санамсаргүйгээр” хөнөөсөн аллагууд

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Санамсаргүй биш хүмүүсийг “санамсаргүйгээр” хөнөөсөн аллагууд

Том болхи тэрэг санамсаргүй мэтээр Мубандагийн ерөнхийлөгчийн машины явах замыг гудамжинд таглав. Зогсох хэрэгтэй боллоо. Дөнгөж усан бороо ороод өнгөрсөн учир агаар бүгчим. Машины хамгаалалтын хөшгийг салонд аюулгүйн дүрмийг зөрчин буулгасан байсан нь киллерын үйлдлийг инээд хүрэм амархан болгож өглөө. Алуурчинд ойртож очоод л бурханд найдах үлджээ. Энэ ерөнхийлөгч олонд нэртэйгээс гадна чөтгөр алгадмаар азтай нэгэн. Тэрээр 21 жилийн засгийн оргилд суухдаа 18 удаа  хөлсний алуурчдын гараас эсэн мэнд мултарч байжээ!  Чөтгөртөй нөхцсөнөөс зайлшгүй. Тэрээр өвөг дээдсийнхээ шүтээнийг мартаад “цагаан бурханыг” илүүд үзсэн  “нүгэлтнүүдээр”  өөрийгөө хүрээлүүлэн дэвшүүлж байгаа гэмтэн. “Энэ удаа бузар хүчин нь түүнд туслахгүй. Тамын бүх хүч түүнийг хамгаалсан ч тус болохгүй. Бидэнтэй Муку хамт!” гэж халаасан дах гар бууныхаа бариулыг атгасан 20 настай залуу амандаа залбираад машины цонхоор харагдах  үзэн ядах тэр хүнийхээ зүг ухас хийлээ…

IV Генрихийг чичлүүр хутгаар дүрсэн Франсуа Равальякийн үйлдэл
хормын зуур болсон учир хааны дэргэд явсан герцог де Монбазон  юу
болсоныг тэр даруйд нь ойлгосонгүй. Зургийг (Project Gutenberg
license): Paris from the Earliest Period to the Present Day; Volume 1
by William Walton

Өвс ачсан гайтай тэрэг

Яг нэг иймэрхүү хэрэг үүнээс 400 жилийн өмнө Парист гарсан юм. Тэнд 1610 оны тавдугаар сарын 14-ны өдөр иймэрхүү байдлаар IV Генрих (Henri IV, 1553–1610) хаан католикийн фанатикийн гарт амь үрэгдэв. Ядуу хүн бүрт ням гаригаар ваар дүүрэн тахианы мах амлаад байсан нөгөө Генрих хаан. Түүнийг  зуу зуун жилээр францчууд магтан “Дөрөвдүгээр Генрих мандтугай, уух, байлдах ба дэгжин эр гэх гурван эрдэмтэй, зоригт ван дөрөв дэх чөтгөр маань мандтугай!” гэж дуундаа дуулсаар иржээ.
Тавдугаар сарын 14-ны баасан гаригт хаан Испанитай дайтахын өмнө зэр зэвсгээ үзэн зэвсгийн агуулахад очихоор шийдсэн гэдэг. Хааны сүйх тэргэнд түүнтэй хамт герцогууд: д’Эпернон (Jean Louis de Nogaret de La Valette duc d’Epernon, 1554–1642) ба де Монбазон (Hercule de Rohan, duc de Montbazon, 1568–1654) суусан явцгааж байлаа. Сүйхийг морьтой гвардичууд нь хамгаалан дагалджээ. Тэр олон тооны гвардичууд “сайхан сэтгэлт хаан Анри”-гаа аварч чадсангүй. Төмөрчний гэх нарийн гудмаар сүйх довтолгож байлаа. Харин гудамжийг өвс ачсан тэрэг таглаад зогсчихжээ. Түгжээ үүсээд бас дээр нь сүйхийн хөшиг нээлтэй байв. Эцэст нь тэр замд хааныг үзэн ядсан католикийн хэт даврагч Франсуа Равальяк (Franзois Ravaillac, 1578–1610) чичлүүр хутгатайгаар сүйхийг хүлээж таарлаа.
Алуурчин хаан хаана очихыг мэдэж байсан ч ямар гудамжаар явах вэ гэдгийг мэдэхгүй  байсан байх. Гал улаан сахалтай бахим эр сүйхийн дугуйнд дөрөөлөн цонхоор нь чээжээ оруулж байгаад хааны чээжинд хутгаа зоов. Хэдхэн жилийн өмнө бас нэг иймэрхүү тохиолдол гарч байжээ. Католикийн лигийг ялсан баяраа хийж явахдаа өвдөг сөгдсөн нэгэн эрхмийг босгохоор хаан тонгойх үеэр түүнийг хорлох гэсэн этгээдийн чичлүүр хутга цээжний оронд нь нүүрийг нь зүсэн нэг шүдийг нь булга цохисон байлаа. Тэр цагт хаан шүдээ гээгээд амь гарч байсан бол энэ удаа алуурчны гар нь чичирсэнгүй. “Би шархадлаа гэж хэлж амжаад Генрих нас барав.
Тэр цагийн мөрдөн байцаагчид манай үеийнх шиг олон санамсаргүй нөхцөлүүд зэрэгцсэнд нь гайхаж байсан байх. Тиймээс ч Равальякийг ширүүхэн байцаажээ. Тамлан байцааж байхад нь тэр ганцаараа үүнийг хийсэн гээд захиалагч нар байсан бол нэрийг нь хэлээгүй билээ. Тийм дуулиантай хэрэг  байсан учир мөрдөн байцаагчид нь хойш тавиад байлгүй түүнийг фанатик алуурчин гэж зарлаад хоёр долоо хоногийн дараа мөчлөн цаазалжээ. Гэсэн ч хааны эсрэг хуйвалдаан байсан гэдэг яриаг тасалж чадаагүй юм.
Хэн нэгэн нь хааны эхнэр Мария Медичи (Marie de Mйdicis, 1575–1642) хэрэгт хамаатай гэнэ. Нөгөө хэсэг нь герцог д’Эпернон төрийн дээд оргилыг мөрөөдөж байснаас захиалагч гэж байлаа. Хуйвалдааны гэрч гэх  Жаклин д’Эскоман (Jacqueline d"Escoman) хатагтай гарч ирсэн ч түүнийг энэ хэрэгт хамаагүй хэргээр бүх насаар нь хориод авчээ. Харин  IV Генрихын тэргүүн сайд герцог Сюлли (Maximilien de Bйthune, 1560–1641), бас дээд хамба Ришелье (Armand-Jean du Plessis, duc de Richelieu, 1585–1642) нар хожим аллагыг испаничууд л зохион байгуулсан гэж битүүхэн хэлж байлаа…

Лех ба Мария Качиньскийн оршуулга дээр 57 орны тэргүүн нар ирэх ёстой байлаа. Гэтэл Исландын галт уулын дэлбэрэлтийн үр дагавараас тэдний ихэнх нь гэртээ үлджээ. Гэрэл зургийг: (Creative Commons license): Piotr Pawłowski

Муу ёрын Катынь

Төрийн тэргүүнийг хөнөөх нь үргэлж тиймэрхүү сэжиг дагуулдаг. Шууд баримт байхгүй ч гэсэн. Захирагчийг цааш нь харахыг хүссэн хүмүүс хангалттай л байдаг. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн (Lech Aleksander Kaczyński, 1949–2010) 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд амь үрэгдсэн онгоцны ослын  шалтгааныг тойрсон “яармаг” нээгдэнэ гэдгийг хэлэхэд заавал зөн билэгтэн байх албагүй. Тэнд хэтэрхий их санамсаргүй гэхээсээ ёр болох таамаг олон. Катыньд ирсэн гэдгээс авауулаад л.
Смоленскийн ойролцоох Катынь тосгоны орчины хэдэн булшийг немцүүд 1943 онд ухан үзээд тэнд Улаан арми 1939 онд Польшид хийсэн “чөлөөлөх аяныхаа” үеэр авч явсан польш офицерүүдийг жилийн дараа буудан цаазлаад булсан байна гэж зарласан юм. Смоленскийг чөлөөлсний дараа Зөвлөлтийн комисс тэр булшийг дахин ухаад олзлогдсон польшуудаа германчууд бууджээ гэж зарласан байна. Германчууд тэднийг 1941 онд буудсан гэж байлаа. Үүнээс 46 жилийн дараа л ТАСС мэдэгдэл гарган польш офицерүүдийн үхэлд Зөвлөлтийн тал буруутай гэж мэдэгдсэн билээ.
Тэднийг буудан хөнөөсний 70 жилийн ойгоор Польшийн ерөнхийлөгчийн Ту-154 онгоц Смоленскийг зорин нисэв. Онгоцонд багийн долоо гишүүн, Польшийн улс төрийн элитийн 89 эрх мэдэлтнүүд ерөнхийлөгчийнхөө хамт явж байлаа. Катыньд амь үрэгдэгсэдийн дурсгалыг Оросын удирдлага ч тэмдэглэхээр шийдсэн байж. Нэг ёсондоо хоёр ард түмний үндэсний эвлэрэлийн ёслол болох ёстой байсан аж. Үүнийг хэн хүсээгүй вэ гэх асуудал гарч ирээд байгаа юм.
Энэ түүхэнд бид гай давхцсан цуврал санамсаргүй тохиолдлуудыг харж байна. Яагаад дүрэм горимоо зөрчөөд Польшийн улс төрийн элит бүгд нэг онгоцонд явав? Смоленскийн орчимд манантай агаар мууг мэдсэн ч ерөнхийлөгчийн онгоцны туршлагатай нисгэгч яагаад заавал тэнд буулт хийхээр шийдсэн бэ? Ёр шүглэхэд польш офицерүүдийн амиа алдсан газарт тэдний үр сад далан жилийн дараа амиа алдацгаалаа… Нэг үгээр ёр шүглэсэн онгоцны осол гэж байдаг бол тэрний тэргүүн тохиолдол нь энэ юм. 


Жон Кеннеди, эхнэр ба Техас мужийн захрагчийн хамт ерөнхийлөгчийн автомашинд аллагын өдөр Далласын гудамжаар явж байгаа нь. Олон нийтийн санал асуулгаар америкчуудын 70 хувь нь АНУ-ын 35 дахь ерөнхийлөгчийн үхлийн албан ёсны шалтгаанд итгэдэггүй. Гэрэл зургийг: Victor Hugo King из архива Библиотеки Конгресса США

Даалуу нурах зарчмаар

Гайхалтай нь IV Генрихын хөнөөгдсөн зарим нөхцөл байдал 1963 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Ерөнхийдөгчийг хөнөөсөнтэй давтагдсан гэж болох талтай. Генрих хааны сүйх шиг тэргэн дотор халуун байснаас  Жона Кеннедийн (John Fitzgerald «Jack» Kennedy, 1917–1963) лимузин машины дээд хэсгийг ч мөн эвхсэн байжээ. Тэр нь албан ёсоор Кеннедийг буудсан гэх мэргэн бууч Ли Харви Освальдад ажлыг нь хөнгөвчилж өгчээ. Хоёр хоногийн дараа Освальдыг  (Lee Harvey Oswald, 1939–1963) хамгаалагч нарынх нь анзааргагүй байдалд өөр шоронд шилжүүлэгдэхээр  яваж байхад нь  Жек Руби (Jacob Leon Rubenstein, 1911–1967) гэгч буудан хөнөөв. Жек Рубитай цаг гаруй нүүр тулан ярилцсан сэтгүүлч эмэгтэй Дороти Калголлены үхэл бас л учир битүүлэг болсон гэдэг. Освальдыг алагдсаны дараа түүний байранд ороод гарсан сэтгүүлч  Жек Хантерыг цагдаагийн газар буу алдаад хөнөөсөн байв. Цагдаагийн буу нь бараг өөрөө буудсан юм байх. Хантерын хамт Освальдын гэр оронг үзэж байсан бас нэг сэтгүүлч Жим Косер мөн л гэртээ буудуулжээ. Кеннедийг алагдах өдөр Освальдыг зөөсөн таксиний жолооч авто ослоор өнгөрлөө. Кеннедийн хэргийн гэрч ба мөрдөн байцаагч олон хүн учир битүүлгээр хорвоог орхижээ.
Равальяк шиг Освальдыг мөн л ганцаараа ажилласан алуурчин гэж нэрлэжээ. Түүний ээдрээтэй намтар нь сэтгэцийн гажигтай гэж нэрлэхэд ихээхэн тус боллоо. Ингээд “сайн санаат” ерөнхийлөгчийн үхэл “сайн санаат” хааны үхлийн адил янз бүрийн хувилбар яриа дуулиантай байсан нь иймэрхүү шуугиан дэгдээх нь олон хүнд хэрэгтэй байж дээ гэсэн бодлыг төрүүлнэ.

Чөтгөртөй нөхцсөн Жон Бут. Хойд ба Өмнөтийн иргэний дайны үеэр Бут конфедераторуудын нууц туршуул байжээ. Тэрээр өмнөтийнхөнд эм, тагнуулын мэдээ өгдөг байсан гэнэ. Зураг: John L. Magee АНУ-ын Конрессийн архиваас

Америк маягийн “бүтэх л байлгүй”

АНУ-ын өөр нэг ерөнхийлөгч Авраам Линкольны (Abraham Lincoln, 1809–1865) үхэл бас их таавартай. Өнгөц харвал энгийн. АНУ-д негрүүдийг боол хэвээр үлдээхийн төлөөх талын Джон Бут (John Wilkes Booth, 1838–1865) боолчлолыг халах гэсэн ерөнхийлөгчийн эсрэг байлгүй яахав. Ингээд тэр  өөртөйгөө үзэл бодол нэг хүмүүсээр хүрээлүүлэн улс төрийн аллагад бэлтгэж  эхлэв. Ганцхан Линкольныг хөнөөх гээгүй. Бутын санаагаар 1865 оны дөрөвдүгээр сарын 14-нд дэд ерөнхийлөгч Эндрю Жонсон (Andrew Johnson, 1808–1875), ба Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюард (William Henry Seward, 1801–1872) нарыг хөнөөх ёстой байсан гэнэ.
Гэтэл санамсаргүй тохиолдлууд тэдний санаанд саад болов. Төрийн нарийн бичгийн даргыг хөнөөх ёстой эрийн гар буу гацаж, хутгаласан нь байндаа хүрсэнгүй. Бүтэлгүйтсэн алуурчин Стьюардын гэрээс даалгавараа биелүүлэлгүй зугтлаа. Дэд ерөнхийлөгчийг хөнөөх ёстой нөхөр нь зүрхээ чангалан архи угаад согтон  унасан учир үүргээ гүйцэтгэх нь өнгөрлөө.  Гэтэл Эндрю Жонсоныг аварсан “алкоголийн санамсаргүй тохиолдол” Линкольнтай учирсангүй. Ерөнхийлөгч эхнэрийн хамт тэр орой Вашингтоны Фордын театрт (Ford"s Theatre) “Миний америк үеэл” инээдмийн жүжитг үзэж суужээ. Жүжгийн хоёрдугаар үзэгдлийн дараа ерөнхийлөгчийн тагтын хамгаалагч хоолойгоо зайлах шийдсэнийг алуурчин ашиглав. Тэр бие хамгаалагч тийм болно гэдэгт итгэлтэй байсан бололтой. Тагтыг манахгүй гэдэгт итгэлтэй байлаа. Театрт очихын өмнө Линкольн бие хамгаалагчаа солихыг Цэргийн сайдаасаа хүссэн ч тэр нь биелэгдээгүй байлаа.
Жүжигчин байсан Бут аймшгийн жүжигт гэмт хэрэгтний дүрийг бүтээж байгаа юм шиг л байсан гэдэг. Эхлээд тэрээр цоожны нүхээр ерөнхийлөгчийг харж байгаад танхимд ээлжит хөхрөлдөөн гарах үеэр тагтанд дайрч ороод ерөнхийлөгчийн толгойд буудлаа. Дараа нь “дарангуйлагч бүрд ийм байг!” гэж хашгираад хутгатайгаар түүнийг дайрсанд хошууч Генри Рэтбоны (Henry Reed Rathbone, 1837–1911) чичлэлтээс мултран гурван метрийн өндрөөс хүн дүүрэн танхим руу үсэрчээ.  Гайхалтай нь тэр тэндээс  зугтаж чадсан байна. Хотод орчин үеийн хэллэгээр бол “угтуулан барих” ажиллагаа зарлагдсан байна. Гүүрийг хамгаалж байсан бага даргад Бут өөрийн нэрийг хэлээд нэвтэрсэн ба харин орогнож байсан саравчийг нь цэргүүд бүслэх үеэр түүнийг аз нь орхив. Шатаагдсан саравчнаас тэр гаран бууж өгөх байсан эсэхийг мэдэхгүй. Хэн нэгэн түүнийг саравчны ханыг нэвт  буудан  бас л санамсаргүйгээр хөнөөсөн юм.  Хэн түүнийг буудсаныг хожим бас л тогтоож чадсангүй өнгөрлөө.
Алагдсан түүнээс өдрийн тэмдэглэл олдсон боловч шүүгчийн анхаарал тэрэнд огт хандаагүй нь хачин. Хэдэн жилийн дараа Конгрессийн мөрдөн байцаах комисс уг тэмдэглэлийг санаад үзэхэд Линкольныг алахаар төлөвлөсөн хэсэг орсон уг дэвтрийн 18 хуудас алга болсон байжээ. Бас нэг таамаглал төрүүлэх нөхцөл энд бий. Ерөнхийлөгчийг хөнөөх тэр өдөр Бут дэд ерөнхийлөгчтөй уулзахаар оролджээ. Нөгөө согтуу алуурчинд хорлогдох ёстой байсан Эндрю Жонсон шүү дээ. Бут нарийн бичгийн даргаар нь дамжуулан “Таны тав тухыг алдуурмааргүй л байна. Та гэртээ байна уу? Ж.У.Бут” гэсэн зурвасыг дамжуулан өгсөн байлаа.

Швед. Улоф Пальмегийн дурсгалд зориулагдсан цуглаан дээр. Аллагын олон
шалтгаан яригддаг. Нэг хувилбараар ерөнхий сайдыг хар тамхины наймаачин
Сигге Седергрентай (Sigge Sedergren) андуураад хөөсөн гэдэг. Гэрэл
зургийг: (Creative Commons license): Holger Ellgaard

III Густавын дараахь анхных нь

Дээр бичигдсэн аллага бүрийн алуучин тодорхой олдож байсан бол бас нэг “сайн санаатан тэргүүний” үхэл тийм боломжийг мөрдөн байцаагч нарт өгсөнгүй. Энд Шведын ерөнхий сайдаар 1969-1976 ба 1982-1986 онуудад ажиллаж байсан Социал демократ намын дарга Улоф Пальмегийн  (Sven Olof Joachim Palme, 1927–1986) тухай өгүүлж байна. Түүнд улстөрч дайснууд ба найз нөхөд нь хангалттай байлаа. Баруунтнууд түүнийг дээд элитээс гаралтай, зүүний намыг толгойлон ашиг сонирхлоосоо урвасан гээд дургүй байв  Зарим зүүнтнүүд  нийгмийн гарлаас нь болоод түүнд итгэл муутай байжээ. Хэн нэг нь түүнийг бардам, ихэмсэг гэнэ. Нөгөө хэсэгт нь шоглол ойлгодог тэнэгдүү гэж хэлэгдэнэ. Гэсэн ч энгийн шведчүүд түүнд сайн ханддаг байлаа.
Тэгээд л Пальме  бие хамгаалагч наргүйгээр нийтийн тээврээр заримдаа бүр явган явж ажилдаа очдог байж. Улоф Пальме эхнэр Лисбетын (Anna Lisbet Christina Palme) хамт 1986 оны хоёрдугаар сарын 28-нд “Гранд” кино театрт “Ах дүү Моцарт” кино үзэхээр  явцгаажээ. Мөрдөн байцаалтын хувилбараар алуурчин тэднийг хүлээж байсан бололтой. Кино тараад үзэгчид явцгааж Пальме эхнэртэйгээ метроны зүг явцгаав. Алуурчин тэднийг дагалдан явжээ. Замын зөрлөгт ирэхэд нь алуурчин гурван удаа  ерөнхий сайдын нуруунд буудаад харанхуйн зүг зугтлаа. Цагийн зүү 23:10-ыг зааж байлаа.
Санамсаргүй гэрч нараас алуурчин өндөр, цайвар үстэй байсан гэж тогтоов. Гурван сумыг нь олж авсан зэргээс өөр ул мөр мөрдөн байцаагч нарт үлдсэнгүй. Гар буугаар буудсан ч хонгио нь олдсонгүй. Сумнаас нь бүх  тэмдгийг хуссан байснаас энд галзуу хүн биш мэргэжлийн алуурчин ажиллажээ гэсэн дүгнэлт хожим хийгдсэн юм. Шведэд улс төрийн аллага болно гэдэг нь санаанд багтамгүй зүйл. Хамгийн сүүлд нь Пальмегаас өмнө  багт наадам дээр III Густав (Gustav III, 1746–1792) хаан үхлийн шарх авсан нь 200 гаруй жилийн өмнө болсон хэрэг байлаа.
Дараагийн өдөр нь Пальмегийн алагдсан газар цэцгийн овоо босч улс орон даяар нь түүний дурсгалыг хүндэтгэсэн цуглаан боллоо. Шведын цагдаагийн хувьд хэргийг илрүүлэх нь нэр төрийн хэрэг болсон билээ. Тэр ондоо тэд алуурчин гэж сэжиглэгдсэн Европын ажилчны намын хэт даврагчдын бүлгийн гишүүн 33 настай Виктор Гуннарссон (Victor Gunnarsson, 1953–1993) гэгчийг барьсан боловч хэргийн баримт байхгүй гээд сулласан юм.  Чөлөөтөй болсон Гуннарссон АНУ-д гаран амьдарч байгаад учир битүүлгээр  амиа алджээ. Солт-Лейк Сити, дэх түүний гэр орон түгжээгүй, үнэтэй цэнэтэй эд хогшлоос нь хулгайлаагүй байжээ.  Хэсэг хугацааны дараа түүний цогцосыг Солт-Лейк Ситигээс 120 милийн зайтай цөл газраас олсон байна. Дахиад л ямар ч ул мөргүй…

С.Зоригт Монголын ард түмнээс

“…Дараагийнх нь Бат-Үүл”

Монголын хамгийн сүүлчийн улс төрийн аллага “…Дараагийнх нь Бат-Үүл” гэсэн үгээр дууссан байдаг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Монголын ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийг гэрт  алуурчид хөнөөгөөд эхнэрийх нь эрхий хурууг холбон боож, ариун цэврийн өрөөнд нь түгжээд гарч явахдаа дээрх үгийг хэлээд явсан гэдэг.
Маргааш нь Монгол даяар С.Зоригийн дурсгалыг хүндэтгэсэн цуглаанууд болж, энэ хэргийг тойроод олон янзын таамаг борооны дараах мөөг шиг гарч ирэв. Аллагын цорын ганц гэрч эхнэр Булганых нь хэлснээр эрэгтэй, эмэгтэй хоёр гэрт нь дайрч ороод түүнийг хүлж түгжин нөхрийг нь хүлээж байгаад зэрлэгээр хөнөөсөн аж. Аллага гарсаны дараа Зоригийн намын голдуу олон эрх тушаалтнууд тэр оройд нь гэрт нь орцгоож  алуурчдын ул мөрийн “арилгахад ихээхэн тус” болжээ. Хууль хяналтынхан шөнийн чийдэнгийн гэрэлд хэргийн газрыг үзээд орон гэрийг нь угаан гашуудлаа илэрхийлэх хүмүүсийг хүлээн авах зөвшөөрлийг эхнэрт нь өгсөн байлаа. Аллагын маргааш Сүхбаатрын талбайд болсон цуглаан дээр Тагнуулийн төв газрыг толгойлж байсан Т.Билэгт уг аллагаын буруутан нь МАХН гэж хэлжээ. Мөрдөн байцаагчид алуурчдын ам зургийг эхнэрийнх нь хэлснээр гаргаж “Батаа, Оюун” гэсэн нэртэй байсан гэхээс өөр зүйлгүй хэрэг арван хэдэн жил үргэлжилж байна. Тэд маш эрчимтэй ажиллаж байгаа “дүр” үзүүлэн Э.Бат-Үүлийг ганц худагт суулгаад амжлаа. Мөн С.Зоригын эхнэрийг ховсодсон гэх мэдээлэл бий.
Моргт Эрүүлийг хамгаалах яамны сайдын зөвшөөрөлтэйгээр орж  Зоригийн цогцосны зургийг авч, түүний үхлийн талаар арван хэдэн таамаглал гарган өөрийн сониндоо бичин маш гүйлгээтэйгээр ажилласан Даваажав сэтгүүлч сониноо орхин лам болоод сураггүй болов. Мөрдөн байцаах комиссийн удирдлагыг нь олон удаа сольж байв. Томчуудын хамгаалалтад ажиллаж байсан зарим нэг хүн удалгүй сургуульд явцгааж, зарим нь хөдөө бизнесийн ажилтай болжээ. Хэргийг өөрийн анхааралд байлгана гэж амлаж байсан ерөнхийлөгч ч тэгсхийгээд “таг” болов. Энэ аллага нь нэртэй олон улстөрчдөд улс төрийн орон зайг гарган өгч байгаагаараа “тэд аллагын захиалагч” болж байна гэж хэлсэн улс төр судлаач Б.Эрдэнэтуулыг нэртэй улстөрчийг алуурчин гэж хэллээ хэмээн ад үзэв. Олон улсын парламентын бүлгэмийн тусламжийг ч үгүйсгэж иржээ. Энэ хэрэгт олон таавар үлдэв. Олон нийт эхнэрийг нь буруутгасаар, Эрдэнэтуул зэрэг хүмүүсийн нэр нь доройтсоор хэргийн урьдчилсан дүгнэлт ч гаралгүйгээр арван хэдэн жил өнгөрчээ.

Нэртэй улстөрчдийн амь үрэгдсэн объектив, субъектив нөхцөл байдал ямар байсныг  болон бодит шалтгааныг тогтооно гэдэг хүндхэн хэрэг болдог билээ. Заримдаа тууштай бэлтгэдсэн үйлдлийг азгүй тохиолдол мэтээр хүлээн авах уур амьсгалыг нийтийн дунд бий болгох нь бий. Заримдаа сохор тохиолдол ч харанхуй хүчний хуйвалдаан мэтээр яригдах домгийн эх сурвалж нь ч болдог. Нэг л зүйл улстөрчдийн зохион байгуулалттай аллагыг байнга дагадаг. Энэ бол нийтийн дунд үнэн худал нь мэдэгдэхгүй олон таамаг сэжиг, элдэв домог зэргийг олноор гаргаж бодит байдлаас саармагжуулах юм. .


Ш.Мягмарсамбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж