
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/-тай хамтран “Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзэх нь” гэсэн сэдэвт тайланг 2013 онд гаргах юм байна. Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн яамнаас дээрх сэдвийн хүрээнд маргааш үндэсний хэлэлцүүлгийг Кемпинскид зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээнд Эдийн засгийн хөгжлийн яам болон холбогдох бусад яам, агентлаг томоохон хөрөнгө оруулагч орнуудын Элчин сайдын яамдын төлөөлөл, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн нийт 100-120 орчим төлөөлөгчид оролцох аж. Тайлангийн зорилго нь Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй судалгааг хийж, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бодлогыг сайжруулах, улс орны хөгжилд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөмжүүд гаргахад чиглэгдэх юм байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, түүний эерэг үр нөлөөллийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг илүү боловсронгуй болгох үүднээс эдийн засгийн гол салбарууд, тэдгээрийн бодлого, хууль эрх зүйн орчинд үнэлэмж, дүгнэлт өгсөн UNCTAD-ын албан ёсны зөвлөмжүүд тусгагдах бөгөөд эдгээр зөвлөмжүүд гарснаар хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд үндэсний хэмжээний стратегийн баримт бичигтэй болох аж.
Г.ДАРЬ