Зурагтаараа төлбөр тооцоо хийдэг боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Зурагтаараа төлбөр тооцоо хийдэг боллоо

Айл өрх зурагтаараа дамжуулж төлбөр тооцоогоо хийх шинэ тогтолцоог нэвтрүүлсэн талаар өнөөдөр Хадгаламж банк болон “Юнивишн” компанийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ. Орон сууц, цахилгаан, СӨХ, “Юнивишн” IPTV үйлчилгээний төлбөр төлөх шийдлийг дээрх хоёр байгууллага гаргасан нь банкны үйлчилгээг хүмүүст ойр, дөт болгох зорилготой ажээ. Ингэснээр Хадгаламж банкны хэрэглэгч “Юнивишн” IPTV үйлчилгээг ашиглаж, хүмүүс амралтын өдөр ч гэрээсээ зурагтны удирдлагаа ашиглан дурын данс руу мөнгө шилжүүлэх, байр, орон сууцныхаа төлбөр тооцоог хийх юм. Энэ талаар Хадгаламж банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Баянхангайгаас тодрууллаа.

-Төлбөр тооцоо хийхийг хөнгөвчилснөөс гадна ямар үйлчилгээ байгаа вэ?

-Хамгийн чухал нь амралтын өдрөөр зарим банк амардаг тул хэрэглэгчид төлбөр төлөх ажлаа хойшлуулахаас аргагүйд хүрдэг. Харин одоо энэ асуудлыг шийдэх боломжтой боллоо. Түүнчлэн зурагтаараа  Хадгаламж банкны салбар, ажиллах цагийн хуваарь, валютын ханш харах боломжтой.

-Зурагтаараа гэдэг нь онцлог шүү дээ. Хүмүүс энэ үйлчилгээнд хэрхэн хамрагдах вэ?

-Үндсэндээ манай банкны харилцагч “Юнивишн” үйлчилгээг авдаг бол энэ үйлчилгээ боломжтой гэдгийг дахин сануулмаар байна. Тиймээс хамгийн эхэнд Хадгаламж банкны хэрэглэгч “Юнивишн”-д очиж, ТВ банкны үйлчилгээнд бүртгүүлнэ. Ингээд тухайн зурагтад ТВ банкны цэс суух болно. Хэрэв манай банкны дансгүй бол шууд нээлгээд л данс, карт, утасны дугаараа ашиглан зурагтаараа төлбөр тооцоогоо хийх юм. Ингэхдээ “Юнивишн”-ий удирдлагаа ашиглаад дансны дугаар гээд өгөгдлөө өгнө гэсэн үг л дээ. Одоогоор 30 мянган хэрэглэгч үүнд нэгдэх боломжтой байна.

-Энэ үйлчилгээ төлбөртэй юу?

-Үнэ төлбөргүй. Урьд нь “Юнивишн” болон банкны гүйлгээ хийлгэхэд ямар байсан түүгээрээ л байна. Өөрөөр хэлбэл ,банкны хувьд гүйлгээ хийхэд ямар шимтгэл байдаг, тэр хэмжээ нь хэвээрээ,” Юнивишн”-ээр сардаа хэдэн төгрөг төлдөг түүгээрээ төлнө. Үйлчилгээний нэмэлт төлбөргүй.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж