Чуулга хаалгаа барихад хүрсэн гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Чуулга хаалгаа барихад хүрсэн гэв

Төмөр замчдын Дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид удирдах ажилтныхаа ажлын арга барилыг шүүмжлэн өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. 1990-ээд онд байгуулагдсан тус чуулга сүүлийн зургаан сарын хугацаанд буюу Д.Бямбажавыг тус чуулгын захирлаар томилогдон ирснээс хойш үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон тухай ярьсан юм. Д.Бямбажав нь ажилтнуудаа үл хүндэтгэн харьцдаг, төлөвлөгөө, зохион байгуулалтгүй ажилладаг гэх шалтгаанаар тус чуулгын уран бүтээлчид ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна гэлээ. Үүнээс өмнө эрх бүхий албан тушаалтанд хандсан ч дорвитой шийдсэн зүйл байхгүй гэнэ. Тодруулбал, дээрх асуудлаар Улаанбаатар Төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж болон удирдах газарт тус чуулгын захирлын зохисгүй үйлдлийн талаар удаа дараа мэдээлж байсан ч өдийг хүртэл асуудлыг шийдэх тодорхой хариу өгөөгүй гэнэ. Тиймээс эрх бүхий хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авч, чуулгын үйл ажиллагаа эргэн голдиролдоо ороход туслалцаа үзүүлнэ байх гэж найдаж буйгаа илэрхийллээ.

Энэ талаар Төмөр замчдын Дуу бүжгийн чуулгын гоцлол хөгжимчин, СТА Б.Чанцалдуламаас тодрууллаа.

-Танай чуулгын захирал ямар зүй бус үйлдэл гаргасан юм бэ?

-Д.Бямбажав нь бидний мэдэхээр анх ажилд орохдоо ямар ч төлөвлөгөө, ажлын арга барилгүй ирсэн. Энэ хүнийг ирснээс хойш чуулгаас ганц ч уран бүтээл гарсангүй. Үүнээс болж орлогын төлөвлөгөө хангахгүй байгаа тул чуулга хаалгаа барихдаа хүрээд байна. Төмрөөр төсөөлж хэлбэл уран бүтээлчид маань зэвэрч байна шүү дээ. Д.Бямбажав нь төмөр замын байгууллагын онцлог, дотоод ажил яаж явагддаг талаар мэдлэггүй. Удирдах ажилтанд байвал зохих санхүүгийн мэдлэг байхгүй. Байгууллагын тамгыг гадуур машиндаа авч явдаг. Нийтийн хурлыг долоон удаа хийхэд долууланд нь нийт 22 ажилтанд хариуцлага тооцсон. Харин уран бүтээлийн талаар нэг ч хурал хийж байсангүй. Чухал хэрэгтэй орон тоог цомхтгож халж, өөрийн танил, ойр гэсэн мэдлэггүй хүмүүсийг ажилд авах юм.

-Өөрт нь энэ талаарх шүүмжлэлийг хэлэхэд хэрхэн хүлээж авч байв?

-Ажлын төлөвлөгөө, халаа сэлгээ, шинэчлэлийн хувьд би толгойгоороо хариуцна гэж хариулдаг. Харин манай чуулгаар орж гарсан хэн бүхнээс энэ байгууллагын хүмүүсийн талаарх сөрөг мэдээлэл байвал бичээд өг, би энэ хууччуулыг бүгдийг нь хална, аттестатчилал зарласан байгаа. Шинэ хүмүүсээр дүүргэнэ гэх мэтээр ярьж байна.

-Ажилчдаа цалингүй амраана гэсэн шийдвэр гарсан гэсэн. Юуны учир, хэний шийдвэр юм бол?

-Гуравдугаар сарын 23-нд манай чуулгын 30 хүнийг гурван сар цалингүй амрааж, 56 сая 700 мянган төгрөг хэмнэх тухай Улаанбаатар төмөр зам компанийн даргын төлөвлөгөө ирчихсэн байсан. Байгаа ажилчдаа дэмжиж ажиллуулахын оронд зарлагаа танах гэсэн бололтой.  Бид ийм олон хүнийг цалингүй амрааж яах гэсэн юм, үүний оронд хамтран ажиллаад орлогоо хийх нь зөв биш үү гэж Д.Бямбажавт хэлж үзсэн. Тэгэхэд энэ бол даргын тушаал учраас тушаалыг зөрчих эрхгүй, зөрчвөл надад арга хэмжээ авна. Бүгдээрээ дотроо зохицуулалт хийгээд амрах ёстой гэсэн. Тэгэхээр энэ хүн хариуцаж авсан ажлынхаа утга учрыг мэдэхгүй, хариуцлага даах чадваргүй болох нь харагдаж байгаа хэрэг. Ийм, тийм ажил хийх хэрэгтэй байна, бидэнд төлөвлөгөө хэрэгтэй гэхэд би өөрийнхөө толгойгоор хариуцна гэдэг хэрнээ чуулгынхаа ажлыг араас нь татах асуудалд юу ч хийж, шийдэж чадахгүй байна.

-Төмөр замын удирдах газар хандаад асуудлыг шийдэх тодорхой хариу өгөөгүй гэлээ. Яг юу гэж хариулж байх юм?

-Төмөр замын удирдах газарт бид хоёр удаа 30 хүний гарын үсэгтэй Д.Бямбажавын алдаа дутагдлыг үнэн зөвөөр илэрхийлсэн өргөх бичиг барьсан. Гэвч удирдах ажилд дадлагажуулан сургаж ажиллуулах сануулга өгсөн нэрийдлээр байлгасаар байна. Гэтэл энэ хүнийг сургаж ажиллуулах гэсээр байтал чуулга хаалгаа барихдаа тулаад байна. Д.Бямбажавыг хаацайлан хамгаалдаг өндөр албан тушаалтнууд Төмөр замын удирдах газарт байдаг бөгөөд тэд манай хамт олны ашиг сонирхол, эрх ашгийг бодохоос илүү түүнийг энэ албан тушаалд байлгаж гар хөлөө болгохыг эрмэлзэж байна гэж бид үзэж байгаа.

-Энэ бүгдийг нотлох бичиг, баримт, баталгаа бий юу?

-Тийм зүйл байхгүй ч хэнтэй яаж харьцдагийг, юу болдоийг чуулгын хүн бүр л мэднэ. Хууль хяналтынхан энэ асуудлыг анхааралдаа аваасай гэж хүсч байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж