Ж.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдад асуулга хүргүүлэв | News.MN

Ж.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдад асуулга хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Ж.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдад асуулга хүргүүлэв

Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бямбацогт чуулганы завсарлагаар аймагтаа 20 гаруй хоног ажиллаад иржээ. Өнгөрсөн оны эцсээр Засгийн газраас тогтоол гаргаж, орон нутгийн иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор телевизийн дөрвөн сувгийг гаргах цацалтын төлбөрийг төсвөөс гаргахаар болж, энэ шийдвэр оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэ шийдвэр тасалбар болж, төлбөртэй цацах тухай асуудал яригдаж, хөдөөгийнхнийг бухимдуулах бас нэг асуудал болоод байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан Ж.Бямбацогт гишүүн Засгийн газрын тэргүүнд доорх хоёр асуулгыг хүргүүлжээ.
-Монгол улсын 171 000 орчим малчин өрх болон 330 гаруй сумдын төвд амьдарч буй 80 мянга гаруй айл өрхөд одоо хэрэглэж байгаа тавган антеныг ашиглан Монголын үндэсний олон нийтийн телевизийг үнэ төлбөргүй, бусад телевизийг харьцангуй хямд үнээр үзүүлэх боломжтой эсэх.
-Монгол Улсын Засгийн газрын 2008 онд гаргасан 119 дүгээр тогтоолоор сансрын холбооны КЮ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулдаг үйлчилгээ эрхлэгчтэй гэрээ байгуулах шийд­вэрийг үндэслэн Харилцаа, холбооны зохицуулах хорооноос 2008 оны тавдугаар сард төсөл сонгон шалгаруулалтыг зарласан. Үүнд ямар шаардлагуудыг хангаж, ямар компани шалгарч Монгол улсын төр, ард түмэнд ямар давуу талтай (хямд, чанартай, дэвшилтэт технологи) үйлчилгээ үзүүлэхээр гэрээг байгуулсан тухай,
-Энэ үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын Засгийн газар хиймэл дагуулын төлбөрт төрийн өмчит “МХС” компанид төлж байсан 900  мянган ам долларыг нэмэгдүүлэн хувийн компанид жил бүр 1.2 сая ам долла­рыг төлөх үүргийг хүлээх болсон байна. Телевизийн 18 сувгийг хүлээн авч үзэх боломжтой болж байгаа нь дэвшилттэй сайн боловч малчдын урьд нь ашиглаж байгаа сансрын хүлээн авах антеныг ашиглах боломжгүй, солих хэрэгтэй, түүнчлэн малчид телевизийн нэвтрүүлэгийг төлбөртэйгээр үзнэ гэсэн тайлбарыг өгч байгаа. Нэг малчин айл телевизийн нэвтрүүлэг үздэг болохын тулд 190-240 мянган төгрөгийн үнэтэй хүлээн авагч антен шинээр худалдан авч, цаашид сар бүр үйлчилгээний төлбөр төлөх шаардлагатай болж байгаа юм байна. Энэ нь хөдөөгийн иргэд, малчид, хөдөлмөрчдийн хувьд ихээхэн дарамт учруулж байгаа бөгөөд яагаад заавал шинээр худалдан авах ёстой эсэх, энэхүү төхөөрөмжийг хэдэн компани одоогоор зарж борлуулдаг тухай,
-Харилцаа холбооны зохицуулах хороо энэ тал дээр ямар бодлого баримтлан ажиллаж байгаа, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаарх мэдээлэл,
-Телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг давтамжийн КЮ зурваст дамжуулах
тендер шалгаруулалтын талаархи мэдээлэл,
-Телевизийн олон сувгийг давтамжийн Си зурваст хиймэл дагуулаар дамжуулж байсан Мэдээлэл, холбооны сүлжээ компанийн харьяа Наран газрын станцыг КЮ  зурваст цацахын тулд давтамж хувиргагч нэмэхэд бүрэн дүүрэн үйлчилгээг явуулах боломжтой байсан ч цаашид ашиглах боломжгүй болсон талаархи мэдээлэл,
-Цаашид энэхүү үйлчилгээг үзүүлэх компанийн ажлын туршлага техник тоног төхөөрөмж, найдвартай ажиллагаа болон боловсон хүчний талаархи мэдээлэл,
-Урьд өмнө нь телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тендер
шалгаруулалтаар олгож ирсэн. Гэтэл сүүлийн үед зарим телевизүүд тусгай зөвшөөрлийг шууд авч үйлчилгээ эрхэлж байгаа мэдээлэл байна. Одоогоор Монгол улсад хичнээн ТВ бүртгэлтэй, хэзээ, ямар шалгуур үзүүлэлт, сонголтоор тусгай зөвшөөрлийн эрх авсан, лицензийн төлбөр төлсөн эсэх талаархи мэдээлэл,
-Олон улсын интернэтийн үйлчилгээг хэдэн оноос ямар компани, байгууллага
эрхэлж байгаа, хэзээ, хэрхэн тендер шалгаруулалтаар эрх авсан, лицензийн үнэ, хугацаа, ашиглаж байгаа технологи, дамжуулалтын талаархи мэдээлэл зэргийг гаргаж өгөхийг хүсч Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн байна. Мөн дээрх асуудлуудаар хандсан асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Засгийн газрын тэргүүнээс хүсчээ.
Б.ГАЛ
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж