Энэ тийм чухал уу. Манайхаас бусад улс оронд бол маш чухал. Улс төр надаар, бас чамаар оролдож эхэлсэн цагаас өдийг хүртэл Монголын улстөрчид, улстөрийн намууд хоорондоо хэрэлдэж, хий хоосон цэцэрхсэнээс өөр юу ч хийсэнгүй. Хэрүүл хийж байгаа өөрсдөд нь ашигтай, ард түмэнд хор хөнөөлтэй. Үүнээс болж Монголын улстөр гацаанд орсон. Улс төрийн намууд шинэчлэл хийдэггүй, үзэл баримтлалдаа үнэнч байдаггүй учраас гацчихаад байна. Энэ гацаанаас гарахын тулд Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж, намуудын хатуу гишүүнчлэл гэдгийг яаралтай болиулах хэрэгтэй байна. Бас намуудыг хувийн өмчгүй болгох, үзэл баримтлалгүй намуудыг татан буулгах, үзэл баримтлалтайг нь төлөвшүүлэх ёстой. Барууны, зүүний үзэл баримтлалтай, үүндээ үнэнч хоёр том нам байхад л Монголд хангалттай. Үзэл баримтлалгүй, итгэл үнэмшлээрээ нийлж нэгдээгүй хүмүүс тарж, нийлэхдээ амархан байдгийн жишээг өнөөдөр бид бэлхнээ харж байна. Ардын нам, Ардчилсан нам, МАХН, МҮАН гээд бүгд адилхан. Намаасаа гарч л байдаг, урваж л байдаг. Хэд хэдэн нам дамжин “биеэ үнэлж” л байдаг. Энэ бүхнийг байдаг л зүйл мэтээр хүлээж аваад сурчихсан. МАН-ын хувьд зүүний үзэл баримтлалтай гэдэг ч сүүлийн үед ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж ярьдаг болчихсон. АН-ыг барууны үзэл баримтлалдаа үнэнч юм уу гэхээр хувийн өмчийг үзэн ядаж, жинхэнэ ардчилал, хүний эрхийг уландаа гишгээд байгааг нь бодохоор зүүн тийшээ “хандраад” учир нь олдохоо больж байх шиг. Хоёр том нам нь ингэж холион бантан хутгаад байхаад жижиг намуудын хувьд хэлэх ч юм алга. Нам хувийн өмчтэй байх ёстой гээд намын байр, музей мэтийн байшин барилгыг булаацалдаад байгааг харвал ашгийн төлөөх хувийн байгууллага гэж андуурмаар. Хөрөнгөтэй нам, ядуу нам гээд хэдийнэ хуваагдчихсан. Хөрөнгөлөг нам, ядуу нам хоёр сонгуульд шал өөр хөтөлбөрөөр оролцож, тэс өөр юм ярина. Намууд үзэл баримтлалдаа үнэнч бус болохоор намын лидерүүд өөрсдөдөө хэрэгтэй хуулийг баталж, хэрэггүйг нь цааш түлхчихнэ. Энэ бол өмнө нь байсан, одоо ч байгаа туршлага. Манай намын санаачилсан хуулийг баталбал танайхыг дэмжинэ, манай намын нөхрийг албан тушаалд томилбол танай булхайг нууна. Манайхыг сөрөг хүчин байхад танайх ингэсэн юм чинь гэж өс хонзонгоо ээлжилж авна.
Шинэ УИХ бүрэлдэж, шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдсан цагаас эхэлсэн томилгоо, халаа сэлгээ бүгд Ардын намаас авч байгаа өс хонзон биш гэж үү. Хаврын чуулганаар Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ. Намуудыг хатуу гишүүнчлэлгүй, өмчгүй болгох нь зөв гэдгийг саяхан болсон улс төрийн намуудын удирдлагуудын уулзалт дээр дарга нар нь ярьж байсан. Ярьж байсан шигээ хуулиа батлуулж чадвал Монголд үзэл баримтлалдаа үнэнч хоёр нам л хангалттай биз ээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин