
Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Төрийн өмчийн хороо нь музейг зориулалт ёсоор нь яаралтай ашиглах байр суурьтай байгаа юм. Тиймээс МАН-ыг ашиглагч тал гэж тогтоосон, өөрөөр хэлбэл, Лениний музейн барилгыг МАН-ын өмч гэж үзсэн тухайн үеийн шүүхийн шийдвэрийг эргэн нягтлуулахаар шүүхэд хандсан байна. Тодруулбал, 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаж, өмчийг тоолох гэтэл тухайн үед өмчлөлийн маргаантай байсан барилгуудын нэг нь Лениний музей байж. Ингээд өмчлөлийн асуудал сөхөгдөж, 1997 онд анхан шатны шүүхээс Лениний музейг төрийн өмч гэсэн шийдвэр гаргасан байна. Харин Нийслэлийн давж заалдах шатны болон Дээд шүүхээс намын өмч гэсэн шийдвэр гарч, Намын түүхийн институт ашиглаж байгаад улмаар МАН ашиглагчийн статустай болсон байна. Ингээд өдийг хүртэл үйлчилгээний чиглэлээр ашиглаж иржээ.
Ийнхүү өнгөрсөн намраас эхлээд яригдаж эхэлсэн Лениний музейг зориулалт ёсоор нь ашиглахын тулд Засгийн газрын тогтоол гарч, ашиглагч талд албан бичиг илгээсэн ч одоог хүртэл хариу ирээгүй учраас шүүхээр авч хэлэлцэхээр болж байна. Лениний музейг Үлэг гүрвэлийн музейн зориулалтаар ашиглаж чадвал үнэт олдвор болох үлэг гүрвэлийн яснуудыг байрлуулах юм.