“Би энэ театрыг дэлхийд сурталчлахыг хүсдэг”

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

“Би энэ театрыг дэлхийд сурталчлахыг хүсдэг”

УДБЭТ-ын хамт олон өнгөрсөн амралтын өдөр театрынхаа 50 жилийнхээ ойн хүрээнд Ж.Бизегийн “Кармен” дуурьт гадаадын уран бүтээлчийг урин оролцуулсан юм. Тэр хүн бол бидний эртний танил, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Цай юм. Түүнтэй “Кармен” дуурийн дараа цөөн хором ярилцлаа.

-Тантай дахин уулзсандаа маш их баяртай байна. Энэ удаад “Кармен” дуурийг удирдан тоглууллаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Би хоёр дахь удаагаа Монголын ДБЭТ-д зочлон “Кармен” дуурийг дохилоо. Хөгжмийн ямар ч бүтээл тоглолт бүртээ илүү сайжирч байх ёстой. Цаасан дээр бичигдсэн энэ нот бол хөгжим биш. Энэ нотнуудыг хөгжимчид тоглож, дуучид дуулж, бүтээл болсны дараа л жинхэнэ хөгжим гэж үзнэ. Гэхдээ тоглолт бүрт харилцан адилгүй байдаг. Магадгүй, би урд шөнө нойр муутай хоносон бол удаан сунгаж татаж тоглох бол, бас дуучид ядарсан байвал сайн дуулж чадахгүй. Гэтэл маргааш нь бүр эсрэгээрээ би болон дуучид маш сайн амарсан бол цоглог, эрч хүчтэй удирдан, дуучид ч гэсэн тийм л үр дүн үзүүлнэ. Яг үүнтэй харьцуулахад энэ нь сайн боллоо гэж шууд харьцуулах юм уу, эсвэл ямар нэгэн эцэс төгсгөлийг харна гэдэг байж болшгүй. Үүний том нотолгоо бол тухайн хөгжмийн бүтээлийн DVD бичлэгийг сонсоход нэг л бичлэгийг хуулбарлан хэвлэсэн учраас адилхан л байна. Тэр  утгаараа хүний сэтгэлд хоногшин үлддэг. Гэтэл амьд тоглоно гэдэг тоглолт бүрт өөр байдаг учраас өнөөдөр, маргааш хоёрын тоглолт хоорондоо ялгаатай. Жинхэнэ амьд тоглолт дээр л тухайн өдөр ямар байсныг шүүж болдог.

-Өмнөх “Кармен” дуурьтай харьцуулахад энэ удаад уран бүтээлчид нь шинэчлэгдсэн байгаа. Таны хувьд эдгээр уран бүтээлчдийн хооронд ямар ялгаа ажиглагдсан бол?

-Би ялгааг хэлж чадна. Гэхдээ чанарыг бол хэмжиж болохгүй. Өмнөх удаа намайг ажиллаж байхад Эскамильод өөр дуучин дуулж байсан. Тэр их тавиухан, татаж дуулдаг дуучин байсан. Тиймээс би түүнд тааруулж тоглолтоо бага зэрэг татаж удирдаж байсан бол энэ удаагийн Эскамильод дуулсан дуучин илүү хурдан, ритмтэй дуулахыг хүссэн учраас би түүнд тааруулж хөгжмөө зохицуулан удирдсан. Өөрөөр хэлбэл, хоёр Эскамильо хоёулаа дуулах ур чадварын хувьд гайхалтай мөртлөө дуулах хурдны хувьд ялгаатай байна.

-Та Монголд ирэх бүртээ сонгодог урлагт дуртай үзэгчдэд маань бэлэгтэй ирдэг. Хамгийн сүүлд Тьянжины театрт “Цөмөөхэй” балетыг бүрэн бүрэлдэхүүнээр нь удирдан тоглуулсан. Энэ удаад “Кармен” дуурийг дахин дохилоо. Өөр ямар гэннтийн бэлэг зэхсэн бол?

-Би Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрыг үнэхээр гайхалтай байгууллага гэж боддог. Удирдлага солигдоно гэдэг бол гол дүрд тоглож байгаа дуучин солигдож буйтай адил хэрэг. Миний хувьд өөрийнхөө боломжийн хэрээр энэ театрын тухай дэлхий дахинд сурталчилж, мэдүүлэх юмсан гэж хүсч явдаг. Ялангуяа УДБЭТ-тай холбох ямар л боломж гарна, тэр бүхнийг хэрхэн холбож, ашиглаж болох вэ боддог.

Ирэх жилийн хоёрдугаар сард Стэнфордын их сургуульд болох Пан-Азийн хөгжмийн наадмыг Түвд, Монголын хөгжимд зориулж байгаа. Саяхан ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлтэй уулзаж, энэ тухай ярилцсан. Одоогоор хөтөлбөрийн талаар ярилцаж байна. Эцсийн байдлаар хөтөлбөр батлаагүй, ямар дуучин, уран бүтээлч оролцох нь шийдэгдээгүй байгаа ч УДБЭТ-аас дуучин явна. Бидний гол зорилго бол Монголын хөгжмийн шилдгүүдийг сонгож, Америкийн үзэгчдэд танилцуулах явдал.

-Монголын тайзнаа толилуулах таны дараагийн уран бүтээлийн талаар сонирхож болох уу?

-Танай театрын хувьд урын сан өргөн, олон дуурь, балет байгаа. Аль ч дуурь, балет миний дараагийн уран бүтээл байж магадгүй. Ирээдүйд хэрхэн харилцан холбоотой ажиллах талаар УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзултай ярилцаж байгаа. Удахгүй уулзах байх аа. Миний тухайн бүтээлийг удирдан тоглуулах арга барил бусад удирдаачийнхаас өөр байгаа. Би ч юм уу, өөр удирдаач энд ирж ажиллах нь театрын тоглолтыг илүү шинэлэг болгох байх аа.

 Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж