“МСS Coca cola”, “TLG-13” ТББ-аас хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулсан “Спрайт” лигийн аваргууд тодорчээ. Орхон аймагт өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн “Эрдэнэт” спрайт лигт “Залгамж”, “Банк”, “BSB”, “Эрдмин”, ”Шунхлай”, “Эмпайри”, “ШУТИС”, “МУИС” гэсэн найман баг тойргийн системээр өрсөлдөж, аваргын төлөө “Шунхлай” – “МУИС” багууд учраа таарсан юм. “Шунхлай” багийн хувьд хагас шигшээд “Эмпайри” багийг хожсон бол, “МУИС”-ийн баг “Банк”-ийг тус тус хожоод байсан. Ингээд “Эрдэнэт” спрайт лигийн аваргын цувралын эхний тоглолтод ”Шунхлай” баг 79:60 харьцаатай эхний хожлыг авч, цувралыг 1:0 болгосон бол, сүүлийн тоглолтод мөн л “Шунхлай” баг дахин 65:60-аар хожиж, “Эрдэнэт Спрайт лиг”-ийн аварга цолыг хүртэж, алтан медал, нэг сая төгрөгийн эзэд болсон байна. Харин лигийн дэд аварга болсон “МУИС”-ийн баг тамирчид өргөмжлөл, мөнгөн медаль, 800 мянган төгрөгөөр шагнуулав.
“Эрдэнэт” спрайт лигийн хаалтын үйл ажиллагаанд “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”-ны удирдлагууд болон Супер лигийн “TLG 13” багийн америк легионерууд, тоглогчдын хамт хүрэлцэн очиж, нөхөрсөг тоглолтыг “Спрайт лиг”-ийн билэгдлийн шигшээ багтай хийсэн юм.
Дашрамд дурьдахад, орон нутагт зохион байгуулж буй хоёр дахь лиг болох “Дархан Спрайт” лигийн нээлт өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт нээлтээ хийсэн байгаа. Өсвөрийн болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр насны ангиллаар болж буй уг лигт 30 гаруй баг өрсөлдөж байна. Харин Улаанбаатар хотноо үргэлжилж буй “Спрайт Супер лиг”-ийн Бүх оддын тоглолт ирэх ням гаригт “Буянт-Ухаа” дахь спортын шинэ ордонд болохоор товлогджээ.
Сагсан бөмбөг сонирхогчид та бүхнийг “Спрайт Супер лиг”-ийн Бүх оддын тоглолтыг үзэж сонирхохыг урьж байна. Тус ордон руу УДЭТ-ын өмнөөс үнэгүй унаагаар үйлчилж байгааг мөн сануулъя.