Б.Березовский: Эх орондоо буцахаас өөр хүсэх юм алга

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Б.Березовский: Эх орондоо буцахаас өөр хүсэх юм алга

“Forbes” сэтгүүлийн орос хэвлэлийн тоймч Илья Жегулев Их Британид учир битүүлгээр нас барсан Оросын тэрбумтан Борис Березовскийг амьсгаа хураахаас нь хэдхэн цагийн өмнө ярилцлага авчээ. Б.Березовскийг нас барсан гэх мэдээ тарсан даруйд И.Жегулев ярилцлага авсан тухайгаа “Forbes” сэтгүүлийн сайт дээр бичсэн байна.

И.Жегулевын өгүүлснээр тэрбээр Б.Березовскийтой 21-нд уулзах байсан боловч олигарх тэр өдөр утсаар ярьж, хатгаа авснаа хэлээд уучлал гуйсан гэнэ. Б.Березовский Оросын тэрбумтан Р.Абрамовичтой шүүхдэлцэж ялагдсаныхаа дараа утсаа сольж, хүнээс ирсэн захидалд хариу бичихээ байснаас гадна ярилцлага өгөхөө больжээ. И.Жегулев ярьсан зүйлээ хэвлэлд нийтлүүлэхгүй гэж түүнд ам өгсөн боловч үйл явдал ингэж эргэсэн тул Б.Березовскийтой юу ярьснаа олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж үзсэн байна. Сэтгүүлч олигарх хоёр 22-ны орой “Four Seasons” зочид буудалд уулзжээ.

Б.Березовский юуны түрүүнд нутагтаа буцахаас өөр хүсэх юм алга байна гэдгээ хэлсэн гэнэ. “Надад эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байгаа нь хамаагүй, Оростоо л буцмаар байна. Хэрэг төвөг яамай! Елена Боннэрийг ятгаад байхаар нь л үлдчихсэн юм. (Академич А.Сахаровын эхнэр, Оросын нийгмийн зүтгэлтэн, хүний эрхийг хамгаалагч. 2011 онд АНУ-д нас барсан. Ред.) Нэг л зүйлийг дутуу үнэлснээ одоо ойлгож байна. Би цагаач байх ёсгүй хүн юм. Орос орон надад тийм их үнэтэй юм байна” гэж тэрбээр хэлсэн байна. Тэрбээр өөрийгөө болон өмнө нь хийсэн олон үнэлэлт дүгнэлтээ өөрчилсөн гэнэ. “Ардчилсан Орос орныг байгуулах бололцоог би хэтэрхий идеалист байдлаар төсөөлж байжээ. Европын ардчилал гэж юу болохыг ч мөн адил. Оросын инерцийг дутуу, харин Барууныхыг хэтрүүлж үнэлж байжээ. Нэг мэдэхэд л ийм болсон байна. Орос улс ямар замаар замнах ёстойг одоо өөрөөр харж байна” гэж Б.Березовский ярьжээ. Сэтгүүлч түүнийг Орост үлдсэн бол одоо шоронд сууж байх ёстойг нь сануулбал, ес дэх жилдээ шоронд сууж буй М.Ходорковскийг бодвол хамаагүй ихээр өөрчлөгдсөн, хавьгүй олон зүйл дээр амаа барьсан гэж хэлсэн гэнэ. Мөн амьдралын утга учир түүний хувьд үгүй болоод буй, цаашид юу хийхээ мэдэхээ байснаа ярьжээ. Орост бизнес Б.Березовскийн сонирхлын хүрээнээс хэдийнэ гарсныг И.Жегулев хэлбэл, эрдмийн ажлаа дахин барьж аваад Орост очиж түүнийгээ л нухаж суувал сайхан байхсан гэжээ. Гэвч цааш нь энэ талаар тодорхой зүйл яриагүй байна. Гэхдээ Б.Березовский Орост ч тэр, шинжлэх ухаанд ч тэр эргэж очно гэдэгтээ өөрөө итгэлгүй байгаа юм шиг “Forbes”-ын сэтгүүлчид санагдаж байсан гэнэ.

Б.Березовскийн нас барсан гэдэг тухай мэдээ Москвагийн цагаар гуравдугаар сарын 23-ны оройн 20 цагийн үед тарсан бөгөөд Бэркшир мужийн Аскот хотын эмнэлэгт үүнээс 30 минутын өмнө дуудлага ирсэн гэж AFP агентлаг мэдээлжээ. Их Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр талийгаачийг угаалгын өрөөндөө нас барсан байхыг хамгаалагч нь олсон гэнэ. Түүнийг нас барсны дараа ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков сэтгүүлчдэд мэдээлэхдээ, хэдэн сарын өмнө Б.Березовский В.Путинд захидал илгээж, алдаа хийснээ хүлээн зөвшөөрөөд, нутагтаа харих бололцоо олгохыг хүссэн байна.

Б.АМГАЛАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж