Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Монгол улсын хүн амын үндсэн хэсэг, ястны (угсаатны
бүлэг) зонхилох хэсэг нь халхчууд болно. Халхчуудын өвөг дээдэс нь YIII-XII
зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба
монголын нэгдсэн тулгуур төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг
гүйцэтгэсэн монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон Хамаг монгол улсын хойч үеийн
удам угсаа юм. Халхчуудын өвөг дээдэс нь эртний язгуурын монгол аймгуудын
залгамж бөгөөд XIY-XYI зууны үеийн Зүүн монголын зургаан түмэн улсын нэгэнд
тооцогдож тусгай хил хязгаар, нутаг дэвсгэр, өвөрмөц хэл аялгуу, зан заншил бүхий
биеэ даасан ястан болон төлөвшжээ. Халхчууд нь Монголын тулгуур төрийн суурийг
хадгалж яваад 1691 онд манжийн хараат болж тусгаар тогтнолоо алдсан боловч
монголын ард түмний 1911-1912 оны эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд харийн
дарлалаас ангижирч төрийн тусгаар байдлаа сэргээж чадсан юм. Үндэсний болон
нийгмийн дарлалын эсрэг халхын ард түмний тэмцэл 1921 оны ардын хувьсгалыг
ялалтад хүргэж тусгаар тогтнолоо бүрэн олжээ. Энэ үеэс эхлэн халхчууд Монгол
улсын үндсэн хүн ам болжээ. Халх хувцас нь нийт монгол үндэстний нийтлэгийг
тусгадаг онцлогтой. Халх малгайг улирлынх, гоёлынх гэж ангилахаас гадна
эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж хийх гоёл чимэг, хэмжээ байдлаар нь ангилна.

Малгай нь хүн морь унаагаар зорчих үед салхины хүч бууруулахаар гозгор бөмбөгөр
оройтой хийдэг өвөрмөц онцлогтой. Монгол хүн улаан залаат малгайгаа гүнээ
хүндлэн эрхэм дээд өмсгөл гэдэг. Монгол малгайн бөмбөгөр оройг Сүмбэр уулыг
дүрсэлсэн гэх, түүнийг тойрсон 32 ширээсийг Сүмбэр уулыг бүчин суусан 32 монгол
хэмээгээд 32 хөх монголыг гийгүүлж буй улаан нарны туяа цацран байгаа нь
оройгоос унжсан улаан залаа гэж тайлбарлана. Мөн малгайны дотуурхи хар хүрээг
монголыг бүсэлсэн харийн дайсан гэх, түүний ар дахь сэтэрхий нь мөнөөх дайсан
араараа сэт татагдан устаж монгол хүний баярын магнай тэнийн сэтгэлийн бах
улаан гал мэт бадран байна гэж хөх, улаан өнгийн бүч унжуулдаг болжээ гэсэн
ардын домог яриа байдаг. Монголчуудын хамгийн нийтлэг өмсдөг малгайнуудыг
лоовууз, тоорцог, хилэн малгай, бялзуухай малгай, бүнхэр оройт, эргүүлэг малгай
гэх мэтээр нэрлэнэ. Мөн монгол малгайг загвараар нь сээтэн чихт, мөөмөн оройт,
урлах эдээр нь хурган, ишгэн, үнэгэн, булган, халиун, бусад эд юмстай адил
байдлаар нь таг, годон, бадам, ардын нэрлэх нэрээр нь лоовууз, юүдэн гэж хэд
хэдэн төрөл болгон үзэх ба энэ нь малгайн төрөл, нэр томъёо хамгийн олон
байгаагаас харагдаж байна. Халх авгайн дээлийн ханцуй нь хоргой тууз
алаглуулсан эрээн гоёлтой, ханцуйны уг мөрнөөс дээш илүү гарсан мөртэй, түүн
дотор дэрсэн нум бүхий цардсан эсгий болон тэмээний ноос чихэж түмбийлгэсэн
түнтгэр мөртэй байх онцлогтой. Мөн дээлийн хормойн баруун зүүн хоёр доод талд
оноо гаргах энгэр хормойг тойруулан хэдэн үе үелэн эрээн туузаар эмждэг.


Эмэгтэйчүүдийн хувцасны нэг нь эхнэр дээлэнд давхар өмсдөг ууж болно. Ууж нь
ханцуйгүй, энгэр тууш задгай, уужны урт дээлийн урттай эн тэнцүү, оноо нь
дээлнээсээ яльгүй богино. Уужийг дээл хийх эдээс өөр өнгийн эдээр хийх бөгөөд
зах энгэрийг нь өргөн хоргойгоор эмждэг. Эрэгтэйчүүдийн хувцас эмэгтэй хувцасны
хийц загвартай адил боловч гоёлого чимэг нь маш энгийн хувцсыг эрэгтэйчүүд
болон гэрийн эзэгтэй болоогүй эмэгтэйчүүд өмсөж хэрэглэж байжээ. Эрэгтэй
тэрлэгний загвар хийц байдал ямар байх нь нэгдүгээрт, унаа уналгаар хээр гадаа
зорчин явахтай холбоотой, хоёрдугаарт, өмсөх хувцас, унтаж амрах хучлага хоёрын
үүргийг давхар гүйцэтгэх, гуравт ардын эдийн соёлын өвөрмөц шинжийг агуулж
байдгаараа онцлог юм. Эрэгтэй дээл тэрлэгний хормой ханцуй урт, энгэр захны
омог даруу, тасам дан, товч шилбэ тохирсон тоотой хийнэ. Ардын хувцас нь
улиралын байдалд тохирох үндсэн хоёр янз бөгөөд урин цагт хүн дан тарлаг,
давхар тэрлэг, хамба, илгэн, одончуу дээл өмсөх, сэрүүн улиралд хөвөнтэй дээл,
сэгсүүргэн дээл, сармай нэхий, азарган нэхий дээл, ишгэн, ямаан, хурган,
элбэнх, хярсан, чонон, туулайн, зээрэн дээл өмсөхийн дээр хүйтэн цагт дээлийн
гадуур өмсөх дулаалга ямаан дах, нохой, чоно, баавгайн дах зэргийг хэрэглэж
байжээ.


Монгол гутлыг хэлбэр загвараар нь урт богино түрийтэй, хатуу зөөлөн
зуузайтай, өргөн, нарийн, зузаан нимгэн ултай, ээтэн, мохоо, хурц, бүдүүн
хушуутай гэж ангилж болно. XIX-XX зууны заагт халх даяар нийтлэг дэлгэрсэн
гутал бол нийтэд "монгол гутал" гэж алдаршсан гутал болно. Монгол
гутал нь ширмэл эсгий ул, ширмэл зуузай, түрий, зулаг, хавчаар зэргээс бүтэх ба
хүний хөлөнд эвтэй, унаа уналганд явах, эмээл тохошны дөрөө дөрөөлөхөд маш
тохиромжтой байдаг. Монгол гутал дөрөв, наймаас гучин хоёр угалз бүхий урласан
гоёлын гутал байдаг.

http://janimtseegii.blog.gogo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж