Өчигдөр буюу үзэсгэлэнгийн сүүлийн өдөр 12:00 цагийн үед Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонг зориход тус үзэсгэлэнг олон хүн сонирхож байлаа. Үзэсгэлэнгийн танхимд 40 гаруй барилгын компани өөрсдийн барьж ашиглалтад оруулсан, оруулах гэж байгаа 50 гаруй орон сууц, хотхоныхоо мэдээллийг дэлгэсэн байв. Мөн “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” орон сууцны зээлийн мэдээллээ иргэдэд хүргэсэн юм. Тэнд голдуу таваас дээш давхрын орон сууцны мэдээлэл байсан бөгөөд амины орон сууцны мэдээлэл цөөхөн байв. Орон сууцны зах зээлийн ханш, иргэд ямар зүйл хүсч байгааг энэ үзэсгэлэнгээс мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, барилгын салбартай холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлдгээрээ иргэдийн таашаалд нийцдэг.
Өчигдрийн байдлаар орон сууцны ам метрийн үнэ 1.35 сая төгрөгөөс 3000 ам.долларын хооронд хэлбэлзэж байв. Орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт зогссон байгаатай холбоотойгоор бага талбайтай орон сууц ховордсон нь ажиглагдаж байв.
Баянзүрх дүүргийн иргэн Д.Жүгдэр:
-Та орон сууц сонирхож явна уу?
-Тийм ээ. Орон сууц сонирхонгоо барилгын материалын үнэ судлах санаатай ирсэн. Гэтэл барилгын материалын үнэ ханшийн мэдээлэл алга. Орон сууцны мэдээлэл бол хангалттай байна.
-Та орон сууцны талаар ямар мэдээлэл сонирхож ирэв. Сонирхсон мэдээллээ бүрэн авч чадав уу?
-Авлаа авлаа. Сэтгэл жаахан гонсгор л байна. Бага хүүгээ тусдаа гаргах санаатай орон сууц сонирхсон юм. Хүү маань хувийн байгууллагад ажилладаг болохоор Засгийн газраас зарласан орон сууцны хөтөлбөрүүдэд хамрагдах боломжгүй юм шиг байна билээ. Тэгэхээр нь хөгшин бид хоёр жаахан дэмнээд зээлийн байранд оруулчихъя гэж санасан юм. Гэтэл бидний чадлаас хэтэрсэн зүйл байдаг бололтой. Орон сууц ч үнэтэй, зээлийн хүү ч өндөр юм. Ядаж Засгийн газраас зарласан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зогсчихлоо. Уг нь тэр хөтөлбөр хэрэгжсэн бол олон хүнд тустай байх байлаа. Одоо энэ хөтөлбөрийг үргэлжлүүлье гэсэн ч дахиад л сонгуулийн шоу гээд хүмүүс итгэхгүй биз.
Баянгол дүүргийн иргэн А.Мөнхбат:
-Орон сууцны үнэ ямархуу байна. Та сонирхов уу?
-Энд 50 гаруй компани танилцуулгаа дэлгэсэн гэнэ. Бүгдийг нь үзэж, сонирхлоо. Үнэ нь талийж өгчээ. Манай ахынх одоогоос 3,4 жилийн өмнө “Таван шар”-ын ойролцоо хоёр өрөө байр 28 сая төгрөгөөр авч байсан. Гэтэл өнөөдөр 28 сая төгрөг юу ч биш болжээ. Нэг өрөө байрыг хамгийн доод ханшаар нь бодоход л 45-50 сая төгрөг болж байна шүү дээ. Энэ арай хэтэрч байна. Эсвэл монголчууд ингэтлээ баяжсан юм болов уу.
-Та өөрөө байр худалдан авахаар сонирхож байгаа юм уу. Хэдэн төгрөгт багцаалдан, ямархуу байр сонирхож байна?
-Орон сууцны үнэ тэнгэрт хадсан гэж хүн бүр ярьдаг ч арай иймдээ тулсан гэж бодсонгүй. Би гадаадад ажиллаж байгаад Монголдоо ирээд удаагүй байна. 50 сая төгрөгтэй, түүндээ таарсан хоёр өрөө байр сонирхсон юм.
-Тэгээд эндээс байраа товлож чадав уу?
-Үгүй ээ. Байгаа мөнгөндөө хоёр өрөө байр сонирхож байснаа, сүүлдээ нэг өрөөг хүртэл үзлээ. Санаанд нийцэх олигтой юм таарсангүй. Хүний газар өөрийгөө зовоон байж олсон мөнгөөрөө Монголдоо толгой хоргодох оромжтой болж чадахгүй бол хэцүү шүү дээ. Юутай ч зорьсноороо орон сууц худалдан авна. Гэхдээ нэг авсных гайгүй байр авмаар байна. Тиймээс байгаа мөнгөө урьчилгаанд өгч байгаад банкны зээлээр гайгүй байр авдаг юм уу гэж бодоод гарч байна даа.
-Энд хоёр, гурван банкны зээлийн мэдээлэл байсан танилцав уу. Аль банкны зээлийн үйлчилгээ нь хүү багатай давуу юм байна?
-Бүгдийнх нь танилцуулгыг авлаа. Гэртээ харьж сайн судалж байгаад банкаа сонгоно доо.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин