Ардын намын ой санамжийг сэргээе

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Ардын намын ой санамжийг сэргээе

Ардын намынхан ой санамжаа мартсан бололтой. Тэд өмнө нь хэн байсан, юу хийж байснаа мартаж. Тэгээд огт өөр хүн шиг аашлах болов. Яах вэ, хүн хэн байснаа мартаж болох юм гэж бодоход юу хийснээ мартах ёсгүй баймаар. Гэтэл Ардын намынхан тийм биш юм гээч. Тэд олон жил засгийн эрхийг атгаж, сүүлийн дөрвөн жилд нь хууль зөрчин Ардчилсан намтай хамтарч засаг байгуулсан. С.Баяр, дараа нь Сү.Батболд удирдсан хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн гэрээг байгуулж, “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байв. Гэтэл өнөөдөр энэ бүхэн томоос том асуултын тэмдэг болон үлдээд байна. Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй болсон. Тиймээс засаж сайжруулах шаардлагатай гэдгийг жирийн иргэдээс авахуулаад Ерөнхийлөгч хүртэл хэлж байгаа. Ийм байтал тухайн үед гэрээг байгуулалцсан сайд нар (УИХ-ын дэд дарга С.Баярцогтоос бусад нь) чимээгүй суугаа. Тухайн үед энэ талаар ярьдаггүй байсан гишүүд ч уг асуудлыг өнөөдөр хөндөх болжээ. Тэгэх тэгэхдээ бүр Ардын намынхан “Оюутолгой”-д шаардлага хүргүүлэв. Шаардлагадаа “Оюутолгой” компани Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомж, гэрээ конвенц, стандартыг дагаж мөрдөн ажиллах ёстой. Гэтэл тус компани монгол ажилчдад эрс ялгаатай цалин хөлс олгож байна. Тиймээс гадаад, дотоодын ажилчдаа үл ялгаварлан цалин хөлсийг нь ижил тогтоож өгөхийг шаардаж байна” гэсэн байгаа юм. “Оюутолгой” компани байгуулагдсаны дараагаас гадаад болон дотоод ажилчдын цалин хөлс ялгавартай байна гэдгийг монгол ажилчид ярьж, үүнийг нь бичдэг байсан. Гэвч тэр үед Засгийн газрын зүгээс “Монгол ажилчдын тоог нэмж байгаа. Ажилчдаа сургаж байна” гэх мэдээг уламжилдаг байв. Үнэн хэрэгтээ ажилчдад ялгавартай хандаж байгаа асуудал Ардын нам Ардчилсан намтай хамтарч засаг барих тэр үед ч байсан гэсэн үг. Үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг царайлдаг байж, Ардын намынхан. Харин өнөөдөр ухаан орсон юм шиг шаардлага тавьж байгаагаас нь харвал ой санамжаа мартаж гэж дүгнэхээс өөр аргагүй.

Тэдний ой санамжаа мартсан бас нэг жишээ бий. Энэ бол “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр”. Ардын намын дарга, Ерөнхий сайд Сү.Батболд Засгийн газрын тэргүүн байхдаа “Иргэдээ орон сууцжуулах хамгийн зөв бөгөөд боломжтой арга нь “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр”. Тиймээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, монголчуудынхаа мөрөөдлийг биелүүлнэ” гэхчлэн ярьж гарсан. Гэтэл энэ нь мөн л хоосон мөрөөдөл төдий л болж үлдлээ. Орон сууцтай болох хүсэлтэй иргэд зээл авч олсон мөнгөө алдахад хүрч, арга ядахдаа өлсгөлөн хүртэл зарлахаа мэдэгдсэн. Харин Ардын намынхан үүнийг тохуурхаж байгаа мэт “Нийт 250 орчим айл өрх хохирогч болжээ. Тэдний хохирлыг барагдуулах ёстой. Энэ хөтөлбөрийн санхүүжилтийг одоогийн Засгийн газраас гаргуулж, хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн иргэдтэй уулзсан. Хэрэв тэд өөрсдөө ийм хоосон мөрөөдөл төдий хөтөлбөр гаргаагүй байсан бол хэн ч хохирохгүй байлаа. Сонгуулийн өмнөхөн гаргасан орон сууцтай болгох хөтөлбөр ямартай ч Ардын намынхныг аварч чадаагүй. Тэд ялагдсан. Хэрэв өнгөрсөн сонгуулиар тэдэнд боломж олгосон бол мэдээж хохирсон иргэд гарахгүй байсан биз. Гэвч нэгэнтээ парламентад сөрөг хүчин болсон болохоор “Оюутолгой”-д шаардлага хүргүүлж, хохирсон иргэдтэй уулзахаас өөр сонголт үгүй болсон бололтой. Хэдий Засгийн газарт хариуцлага тооцож, парламентад сөрөг хүчний дуу хоолой болох үүрэг хүлээсэн ч өмнө нь юу хийснээ хэзээ ч мартах ёсгүй. Тэгэхээр Ардын намынхны ой санамжийг сэргээх цаг нь болж. Олон жил төр барьчихаад бүхнийг анх удаа, сонсож, харж байгаа мэт үйлдэл битгий хийгээч. Дангаараа ч бай, хамтарч ч бай аливаа асуудалд гар дүрсэн. Тиймээс хийснээ үгүйсгэх эрх та бүхэнд байхгүй шүү.  

Ц.ЭНХЦЭЦЭГ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж