-Тоглолтын тань нэрний утга учрын талаар яриагаа эхлэх үү?
-Миний тоглолтын нэр “Омогшин бадарна”. Ерөнхийдөө тухайн улс, үндэстний тусгаар тогтнолын баталгаа бол улс орны хил хязгаар, батлан хамгаалахаас гадна үндэсний хэл юм. Гэтэл монгол хэлний маань үгийн сан багасч, мартагдаад баялаг өв нь хомс болоод байна уу даа гэж анзаарагдаад байгаа. Үүнийг төр засаг, хувь хүн гэд бүгд ярьдаг боловч үүний төлөө системтэй, далаацтай ажлууд тэр болгон хийхгүй байна. Харин уран бүтээлч хүний хувьд энэ хэл соёлоо хамгаалах, хэлнийхээ яруу баялаг хэрэглүүрүүдийг хадгалж үр хойчдоо өвлүүлэх бол тэргүүн үрэг гэж ойлгодог. Энэ ч утгаараа монгол хэлний яруу баялгаар омогшиж, түүгээрээ цаашид бадран хөгжье гэсэн утгатайгаар тоглолтынхоо нэрийг өгсөн. Миний тоглолт үндсэндээ дан яруу найргийн тоглолт болно. Дундуур нь миний шүлгээр бүтсэн арваад дуу дуулагдах байх. Үлдсэн цагт нь би өөрөө тоглолтоо хөтөлж, шүлгээ уншиж, төрөлх хэлнийхээ яруу тунгалгийг ирсэн зочдынхоо тархи, сэтгэлд нь бүрэн хүргэнэ.
-Яруу найргийн ийм том хэмжээний тоглолт өмнө нь болж байгаагүй байх. Энэ тоглолтыг зохион байгуулахад хүндрэлтэй асуудлууд хэр гарав?
-За яахав. Хүмүүс янз янзаар л ярьж байна. Зарим нь олонд хүрсэн дуутай болж байж, эсвэл түмэн олны сэтгэлд хүрсэн шүлэгтэй байж ийм тоглолт хийх ёстой гээд ярьж байна л даа. Харин миний бодлоор бол өөрийн уран бүтээлээ олон түмэнд хүргэхийн тулд тоглолтоо хийх ёстой. Өнөөдөр мэдээллийн эрин зуунд ном, сонин ихээр хэвлэгдэж, цахим ертөнцөөр хүмүүс “амьсгалж” байна. Ийм их мэдээллийн хажуугаар бидний уран бүтээллийг төдий л сонсож, уншиж чадахгүй байх шиг байгаа юм. Тиймээс бусдад сонсгох хэрэгтэй. Зарим нэг нь яруу найраг бол тайзны урлаг биш. Сонгодог байх ёстой гэдэг. Гэтэл тайз гэдэг бол хүн төрөлхтний бүхий л сонгодгийг тайз гаргаж ирсэн. Тиймээс яруу найраг, тэр дундаа монгол яруу найраг бол тайзнаас сонсогчдодоо хүрэх ёстой. Яруу найргаар дамжин хүн өөрийнхөө дотоод мөн чанар, хүн чанарыг нээн илрүүлэх хэрэгтэй.
-Яруу найргийг тайзнаас уншсанаар шоу болчихлоо гээд их ярьдаг. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?
Ер нь яруу найраг шоу болж чадсан бол түүний үнэлэмж нь өсөх ёстой. Өнөөгийн байгаа үнэлэмжийг харахад харин ч яруу найраг шоу болж чадаагүй юм шиг байгаа юм. Дэлхийд өндөр хөгжсөн шоу бизнесийг хийдэг хүмүүс материаллаг талаасаа хамгийн баян тансаг, хангалуун байгаа биз дээ. Гэтэл бидний яруу найрагчид тийм биш байгаа нь яруу найраг шоу болоогүй гэдгийг нотолж байгаа хэрэг.
-Саяхан байгуулагдсан “Шинэ мянган” утга зохиолын клубээс яруу найраг, дуу хосолсон хоёр ч тоглолт хийсэн. Та бас энэ клубын гишүүн хүний хувьд таны тоглолт дээрх хоёр тоглолтоос юугаараа онцлог байх вэ?
-Эмэгтэйчүүдийн баяр, эр цэргийн баяраас болон дээрх тоглолтууд бол хамтарсан тоглолт байсан. Минийх тэгэхээр бие даасан гэдгээрээ нэгдүгээрт онцлог. Дээрээс нь миний тоглолтыг би өөрөө хөтөлж явуулна. Тэгээд үзэгчидтэйгээ шүлгийн сайханы тухай, шүлэг төрхийн шалтгааны тухай, шүлгийн дотоод мөн чанарын тухай нээлттэй ярилцсан, тэдэнд ойлгуулсан ийм л тоглолт болно. Намайг бага байхад эмээ минь 9-р сарын нэгэн дөхөөд ирэхээр “Юмаа уу цармаас бэлдэж байгаарай” гээд л их захидаг байсан. Энэ үг нь миний тархинд хадгалагдсан байж байгаад “Уу цармаас зүсэрсэн бадмын болор дууслууд…” гээд шүлэг бичсэн. Гэтэл хүмүүс Нямлхагва үг зохиолоо гэж байсан. Гэтэл Дундговь аймгийн Хулд сумын хөгшчүүлийн амаас очиж сонсоод үнэхээр имй үг байдаг гэдгийг ойлгоцгоосон доо. Миний тоглолт энэ мэт мартагдах шахсан монгол үгээр дүүрэн, яруу найргийн эрчимлэг чанараар тэтгэдсэн тийм л тоглолт болох юм.