Шинэ бүрэлдэхүүнтэйгээр МКХ-ны Удирдах зөвлөлийн анхны хурал болж холбооны 2013 оны ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлав. Холбооноос энэ ондоо багтаан кёрлингийн битүү дээвэртэй бэлтгэлийн 2 замтай талбайг байгуулахаар болж, дотооддоо бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн зохиох нөхцлийг бүрдүүлэх нь 2013 оны ажлын чухал зорилт гэж үзлээ. Түүнчлэн Монголын эмэгтэй багийг 2013 оны 4 сарын сүүлчээр БНСУ-д хамтарсан бэлтгэл хийлгэхээр Солонгосын талтай тохирсон байна. Эмэгтэй баг тамирчидыг энэ оны 12 сард Италийн Трентино хотноо болох оюутны өвлийн “Универсиад” наадамд оролцуулах зорилт тавьжээ. Тус хурлаар холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Ононг томилсон байна.
МКХолбоо анх 2011 оны 02 сарын 21-нд Улаанбаатар хотод хуралдаж холбооны дүрэм, хийх ажлын чиглэлээ батлан, удирдах зөвлөлийн гишүүд болон удирдлагаа томилсноор үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011 оны 3 сарын 10 өдөр Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тухайн ондоо Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн холбоогоор элсчээ.
Өнгөрсөн 2 жилд МКХ гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн олон ажил хийсний дотор Швейцарийн Базель хотноо 2012 оны 4 сард болсон эрэгтэйчүүдийн ДАШТ-ий үеэр зохион байгуулагдсан Дэлхийн кёрлингийн холбооны ерөнхий ассамблейн хурлаар МКХолбоо нь тус байгууллагын 49 дахь гишүүн орноор албан ёсоор элссэн оржээ. Мөн оны 10 сард Шинэ Зеландын Насеби хотод болсон Ази номхон далайн орнуудын кёрлингийн холбоо /АНДОКХ/-ны Ерөнхий ассамблейд оролцож, МКХолбоо нь Азийн холбоонд гишүүнээр элсэв.
МКХ өнгөрсөн хугацаанд анхны эмэгтэй шигшээ багаа бүрдүүлэхдээ хүн бүхэнд нээлттэйгээр буюу “Тамирчин сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийг улс орон даяар зарлан зохион байгуулсан ба телевиз, сонин, сайтуудаар зар тарааж кёрлинг сонирхогчдыг бүртгэж нийтдээ 200 гаруй сонирхогчдын санал, анкетийг хүлээн авснаар эцсийн сонгон шалгаруулалтаар 4 тамирчинг сонгосон юм. Сонгогдсон тамирчидаа Монголын оюутны спортын холбооны гадаад харилцааны шугмаар БНХАУ-ын Харбин хотын “Биеийн тамирын их сургууль”-тай холбогдон шигшээ багийн тамирчдаа 21 хоногийн хамтарсан бэлтгэлд 2012 оны 12 сарын 15 –наас 2013 оны 1 сарын 6-ныг хүртэл хугацаанд Хятад багш Му Ляаны удирдлага дор бэлтгэв. Тамирчид хамтарсан бэлтгэлийн үеэр Харбины БТИС-ийн сургуулийн баг болон олимпийн хүрэл, дэлхий болон азийн аварга БНХАУ-ын нэгдүгээр шигшээ багтай нөхөрсөг уулзалт тоглолт хийсэн.
Кёрлингийн спортыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам өөрийн яамны шинээр хөгжүүлэх брэнд спорт болсноо тус яамны дэд сайд М.Түмэнжаргал мэдэгдэн бодлогын хүрээнд кёрлингийн спортыг Монголд хөгжүүлэхэд хамтран ажиллах, Харбинд бэлтгэл хийсэн тамирчдын зардлаг дааж, тус яамнаас бүхий л талаар туслаж дэмжихээр болов. Цаашид Монгол улс багийн төрлөөр өвлийн олимпийн наадамд оролцох хамгийн өндөр магадлал, боломжтой спортын төрөл бол кёрлинг гэж үзэж байна.