Энэ бол тусгайлсан төсөв шаардахгүй санал юм

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Энэ бол тусгайлсан төсөв шаардахгүй санал юм

Бид Дамбадаржаад амьдардаг, хашаагаа тэр чигт нь ногоон төгөл болгож чадсан Ч.Эрдэнэчулууныхтай уншигчдаа танилцуулсан билээ. Тэдний хашаа, мод, бут сөөг, жимсний мод, ногооны талбай, “Хүслийн гүүр” нь, хашаанд зоргоороо зугаацах төрөл бүрийн шувууд ямар гоё билээ. Яг л их говийн баянбүрд шиг. Тэр ярилцлага, мэдээлэл олон нийтэд ихэд таалагдсан. Үлгэр авах сайн жишээ, туршлага юм, холбоо барья, туршлага судалъя, хашаандаа мод, бут, жимсний мод тарья гэж нэлээд хэдэн хүн манай редакцид хандсанаас санаа авч “Ч.Эрдэнэчулууны төгөл” хэмээх тусгай булан нээхээр шийдсэн юм. Энэ дагуу “Хашаан дахь ногоон төгөл”-ийн эзний та бүхэнд илгээж буй цуврал мэдээллийг хүргэж байна.

Өмнөх дугаарт хамгийн богино хугацаанд нийслэлийн ногоон байгууламжийг яаж нэмж болох тухай нэгэн шинэлэг аргын талаар бичиж байсан билээ. Энэхүү шинэлэг аргын гол онцлог нь нэгдүгээрт, өмнө нь зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд хариуцах эзэнгүй, арчлах хүнгүй, хатуухан хэлэхэд шоу талдаа мод тарих нэрээр олон зуун мянган мод “булшилдаг” байсан. Үүнийг больж, оронд нь албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, их, дээд сургуулиудад ажилладаг болон суралцдаг гэр хороололд амьдардаг ажилтан, ажилчид, оюутнуудын хашаанд нь мод тариулах тухай санал юм. Товчоор хэлэхэд, нийтийн гэхээсээ илүүтэй хувийн эзэмшлийн буюу өмчлөлийн газарт мод тарих санаа юм. Хоёрдугаарт, албан байгууллага, аж ахуйн нэгж, их, дээд сургуулиудын гэр хороололд амьдардаг ажилтан, ажилчид, оюутнуудын хашаанд мод тариулах нь сайн дурын болон захиргааны аргыг зөв хослуулан хэрэглэх боломжийг олгож байгаа юм. Энэ аргыг бид даруйхан хэрэглэж, амьдралдаа хэвшүүлж чадвал богино хугацаанд, зардал багатай, үр дүнтэй, мөн хувь хүндээ ч, албан байгууллагадаа ч, нийгэмдээ ч тустай ажил болох ёстой юм.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий­лөгчийн байгаль орчны асуудал хариуцсан зөвлөх Э.Зоригт, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, UBS телевизийн захирал Л.Балхжав, “Монгол ньюс” группын дарга Б.Нандинтүшиг, “MNC” теле­визийн захирал Ц.Мөнхбаяр, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа нарын хүмүүстэй уулзаж шинэ аргын талаар танилцууллаа.

Хэрэгжүүлэхэд маш хялбар, зардал их шаардахгүй, богино хугацаанд үр дүнд хүрч болох, олон шат дамжлагагүй энэхүү саналыг уулзсан хүмүүсийн олонх нь дэмжсэнд талархаж байна.

Энэ аргыг амьдралд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Засгийн газрын зүгээс бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, их, дээд сургуулиудыг уриалж, үүрэгжүүлж өгөөч хэмээн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт хүсэлт гаргасныг минь хүлээж авсан юм.

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлд энэхүү саналыг танил­цуулахад, тэрбээр маш сайн хүлээж авч, байгууллагынхаа гэр хороололд амьдардаг ажилтан, ажилчдын нэрсийг тэр дор нь гаргуулан, “Эко клуб” байгуулж, хаврын Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр ажилтан, ажилчид мөн ахмадуудынхаа хашаанд мод тариулах бэлтгэл ажилд цаг алдалгүй орохыг холбогдох хүмүүстээ үүрэг болгосон юм. Ийм мэдрэмжтэй, алсыг харж чаддаг, ногоон сэтгэл­гээтэй, эерэг үзэл бодолтой УИХ-ын гишүүд, байгууллагын дарга нар олон байгаасай гэсэн бодол толгойд яахын аргагүй орж билээ. Нийслэлийг тойрсон гэр хорооллоос үүдэлтэй тоос, шороо, утаа, хөрсний бохирдол, хог хаягдал зэрэг сөрөг үзэгдлүүдээс салах нэг арга бол яахын аргагүй моджуулах, зүлэгжүүлэх ажил мөн. “Цөлжилт” гэж ярихад хэний ч толгойд хөдөө, орон нутаг, тал, хээр газар, говь нутаг л шууд буудаг. Хот суурин газрын тухайд бараг л буудаггүй. Тэгвэл 2012 оны тавдугаар сард батлагдсан Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай Монгол Улсын хуульд тодорхойлсноор, нийслэлийн гэр хороолол тэр чигээрээ хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлаараа “хүчтэй зэрэглэл”-д орсон байна. Энэ байдлыг ч манай олонх байгууллагын удирдлага ойлгодог нь харагдаж байна. Гэр хорооллыг моджуулан, зүлэг­жүүлэх тухай шинэлэг аргын талаар сонссон, миний уулзсан хүмүүсийн дийлэнх нь байгууллагынхаа гэр хороололд амьдардаг ажилтнуудын “Эко клуб”-ийг (клуб нь цаашдаа үйл ажиллагаагаа тэлсээр зөвхөн гэр хороололд амьдардаг ажилтнуудын бус харин байгууллагын нийт ажиллагсдыг хамрах нь тодорхой юм) байгуулсан нь өнөөгийн нөхцөл байдлыг тун сайн ойлгож, нийслэлийн ногоон бай­гууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулъя гэсэн чин сэтгэлтэй байгаагийн илрэл гэж хүлээж авч байна.

Шинэлэг аргаа байгууллагуудын удирд­лагуудад танилцуулаад явж бай­хад нийгмийн өмнө хүлээсэн үүрэг­тээ өндөр ухамсартай ханддаг хүмүүс ихэнхдээ тааралдаж байсанд сэтгэл үнэхээр хангалуун байлаа. Энэ дашрамд Л.Балхжав гавъяатад гүн талархалаа илэрхийлж байна. Түүнтэй уулзан санаагаа ойлгуулахаар ярианыхаа дөнгөж талд орж байтал тэрбээр: ”Эрдэнэчулуун аа, наадах чинь гайхамшигтай санал байна, тун зөв санаа шүү, бид мод тарих цаг ирэхээр л хаа хамаагүй үргүй зардал гаргадаг, ургасан мод ч үгүй болдог. Манайх 200 гаруй ажилтантай, бас олон ч хүн гэр хороололд амьдардаг. Иймд телевизийнхээ дэргэд “Эко клуб” байгуулж, хавар ажилтнуудынхаа хашаанд мод, зүлэг тарихад нь дэмжлэг үзүүлъе. Чи одоо нарийн асуудлаа манай орлогч захирал Б.Нармандахтай шууд ярилц. Миний хувьд наад саналыг чинь 100 хувь дэмжиж байна” гэж билээ. Гэр хорооллыг моджуулан зулэг­жүүлэх хамгийн дөт, хялбар, хямд, шинэлэг энэ аргыг улс даяар хэрэг­жүүлэх нь эцэстээ бид бүгдэд л ашиг тустай. Өмнө дэвшүүлж байсан элдэв төсөл хөтөлбөрөөс энэ шинэлэг гээд байгаа арга нь том ялгаатай. Энэ том ялгаа нь юу вэ гэвэл, тусгайлсан төсөв шаардахгүй. Энэ аргыг хэрэгжүүлэхийн тулд хэн нэгнээс, аль нэг байгууллагаас, эсвэл сангаас хөрөнгө шаардагдахгүйгээр шинэлэг юм. Төсөл хийчихээд энд тэндээс хөрөнгө мөнгө гуйгаад явдаг нийтлэг арга огт биш. Учир нь байгууллага, аж ахуйн нэгж, их, дээд сургууль бүр өөр өөрсдийн төсөвтэй, түүнээсээ л гэр хороололд амьдардаг ажилтан, оюутнаа дэмжинэ гэсэн үг юм.

Энэхүү аргыг байгууллагадаа хэрэг­лээд үзье, нийслэлийнхээ өнгө төрхийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулъя гэсэн чин сэтгэлтэй байгууллага хамт олон байвал хандаарай.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж