Монголын хоккейн шигшээ баг Тайландын Бангкок хотноо болсон “Challenge cup 2013” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр болсон хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын хоккейчид Кувейтийн шигшээ багийг 11:0-ийн харьцаатай буулгаж авлаа. Ингэснээр манай тамирчид хоккейн спортын түүхийн хуудаснаа нэгэн шинэ мөрийг бичлээ.
2008 оноос хойш жил бүр зохиогдож буй тус тэмцээнд 10 улсын баг оролцсон юм. Эдгээр багууд тав, таваараа хоёр хэсэгт хуваагдсан ба Монголын хоккейчид Энэтхэг, Макао, Хонгконг, Сингапур улсын багтай В хэсэгт сугалаа таарсан. Харин А хэсэгт АНЭУ, Тайланд, Малайз, Тайвань, Кувейт улсын шигшээ баг багтжээ.
Тэмцээний хэсгийн тоглолтууд энэ сарын 16-21-ний хооронд Тайландын нийслэл Бангкок хотын “Бангкок Арена”-д болсон байгаа. Хэсгийн эхний дөрвөн баг шөвгийн наймд шалгарах зарчмаар тэмцээн үргэлжилсэн юм. Манай хоккейчид хэсэгтээ Энэтхэгийг 20:0, Макаог 6:1, Сингапурыг 3:2-ын харьцаатай хожсон бол Хонгконгийн багт 7:3-ийн харьцаагаар хожигдсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөө “Challenge cup” тэмцээний хоёр удаагийн дэд аварга, талбайн эзэн Тайландын багтай тоглож 5:4-ийн харьцаагаар ялж, харин мөнгөн медалийн төлөөх Хонгконгийн багтай хийсэн тоглолтод 4:3-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Ингээд өнөөдрийн тоглолтод Кувейтийн багийг илт давуу ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.
“Challenge cup”-ын аваргын төлөөх тоглолт өнөөдөр орой болно. Аваргын төлөө Хонгконг, Тайванийн шигшээ багууд өрсөлдөнө.