Рекламдахад хүрсэн нөөцийн мах

Хуучирсан мэдээ: 2013.03.24-нд нийтлэгдсэн

Рекламдахад хүрсэн нөөцийн мах

“Дөнгөж сая Баянзүрх зах дээр нэг кг үхрийн цул мах 11.500, ястай мах 9800 үнэтэй байна. Хэнд талархахаа мэдэхгүй юм” хэмээн нэгэн жиргээч бичжээ. Гэтэл өчигдөр оройхон жүжигчин Төөдөө телевизээр нөөцийн махыг зад рекламдаж байгаа харагдах юм. Уг нь сурталчилгаа хэрэггүй ганц зүйл нь нөөцийн мах байлтай. Зах зээлийн үнээс хямд, хамгийн хүртээмжтэй нөөцийн махыг хүмүүс сурталчилгаагүйгээр авах учиртай. Урьд жилүүдэд ч нөөцийн махны оочер дараалал гэж картын бараанаас дутахааргүй юм болж байв. Харин энэ жил нөөцийн махны гүйлгээ муугаас сурталчлахдаа тулсан нь юуны учир вэ.

Энэ жил “Жаст агро” компани нийслэлд 9200 тонн нөөцийн мах бэлтгэсэн бол Дархан-Уул аймагт 1000 тонн, Орхон аймагт 1016 тонныг бэлтгэжээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд дээрх гурван хотын хэмжээнд ердөө 62 тонн нөөцийн мах зарагдсан байна. Тиймээс нийслэлд нөөцийн мах борлуулж буй 238 цэгийг 350 болгон өргөжүүлэхээр болсон.  2-3 кг-аар жижиглэн савласан нөөцийн махыг долдугаар сарын 15-ныг хүртэл тасралтгүй худалдаалах бөгөөд нэг кг үхрийн мах- 5950 төгрөг, ямааны мах-4850 төгрөг, хонины мах-5750 төгрөгийн үнэтэй байна. Махаа гулуузаар авахыг хүссэн иргэдэд зориулж амралтын өдрүүдээр “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Хар хорин” захуудаар хонь, ямааны гулууз, үхрийн өрөөл махыг 4400-5800 төгрөгөөр худалдана хэмээн албаныхан мэдээлсэн. 

Гэтэл өнөөдрийн байдлаар хүнсний захуудад тураг махны үнэ нөөцийн махтай адилтгахааргүй нэмэгдэж. “Мах дэндүү үнэтэй байна” гэж гомдоллох  худалдан авагчийг “Ийм сайхан мах үнэтэйдээд байгаа бол нөөцийн махаа аваач дээ” хэмээн сүрдүүлэх махны ченжийн үг нэгийг хэлж, нөгөөг сануулаад байна бус уу. Зургаан мянган төгрөгөөр яс голдуу, шим муутай нөөцийн мах авснаас нэг, хоёр мянган төгрөг нэмээд шүүслэг мах авсан нь илүү гэдгийг мах идэж өссөн монголчууд хэнээр ч заалгахгүй мэднэ.  Ядаж байхад реклам юу ч билээ. Рекламдахдаа хүртэл борлохгүй байгаа нөөцийн махныхаа үнийг буулгаж болохгүй юу, манайхаан. Тэгвэл шинэ мах худалдаанд гарахаас өмнө нөөцийн махаа дундалж амжихын дээр ченжүүд ч махныхаа үнийг бага  болтугай буулгах биш үү.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж