“Темза голын хөндийн цагдаагийн салбар гэртээ нас барсан 67 настай Борис Березовскийн үхэлд /03.23-нд нас барсан/ мөрдөн байцаалт явуулж эхэлсэн. Одоогоор үхлийн шалтгааныг хэлэх боломжгүй, бүрэн хэмжээний мөрдөн байцаалт явуулна” гэж албаны хүмүүс мэдэгджээ. Sky News телевизийн мэдээлснээр, угаалгын өрөөндөө /ванн дотроо/ нас барсан Березовскийг хамгаалагч анх олж харжээ. Березовскийн гэр бүлийн дотны найз Демьян Кудрявцев түүнийг зүрх нь зогссоны улмаас нас барсан гээд “Гадна шинж тэмдгээр амиа хорлосон гэж үзэх нөхцөл байхгүй. Тариурын ул мөр, эм тариа уусан зүйл алга. Задлан шинжилгээ хийтэл юунаас болж нас барсныг нь тогтоох аргагүй” гэжээ. Березовскийн үхлийн талаар Оросын Элчин сайдын яамнаас Британийн эрх баригчдад хандан мэдээлэл авах хүсэлт гаргасан ч хариу ирүүлээгүй байгаа аж.
Березовский 2000 онд Оросоор гарч, 2003 онд Британид улс төрийн орогнол авсан юм.