Залуусын дунд JCI сургалт явууллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.24-нд нийтлэгдсэн

Залуусын дунд JCI сургалт явууллаа

Нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө залуусын JCI Монгол байгууллага “Be better” уриан дор хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан байна. Вакумжуулсан хэлбэрээр зохион байгуулагдсан энэхүү сургалтад хамрагдсанаар залуус хувь хүнийхээ хувьд эргэлт хийх, шинийг санаачлах чадварыг эзэмшихээс гадна  нийгмийн манлайлал, бүтээлч сэтгэлгээнд хэрхэн хүрэх арга замыг ч судалдаг. Түүнээс гадна дэлхийн олон оронд салбартай JCI байгууллагын үнэт зүйл, цаашид хэрэгжүүлэх олон санал санаачилгатай танилцаж, хамтран ажиллах боломжоор ярилцлаа. Түүнчлэн хойч ирээдүйн төлөөлөлдөө эерэг өөрчлөлтийн тухай ойлголт өгч, өөрийгөө дахин нээх боломжийг энэхүү сургалт нээж өгдөг ажээ. Сургалтыг зохион байгуулагчдын хувьд нийгэмд шаардлагатай байгаа хэрэгцээг гишүүдийнхээ санал санаачилгаар тодорхойлох судалгааны ач холбогдолтой болдог байна.  

Энэ удаагийн сургалтыг дэлхийн 76 оронд сургалт, судалгааны чиглэлээр ажиллаж байсан JCI байгууллагын 2007 оны Ерөнхийлөгч Скот Грийнли болон 2009 оны JCI Монгол байгууллагын Ерөнхийлөгч, JCI байгууллагын 2012 оны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ө.Батбаяр нар удирдан явууллаа. JCI Монгол байгууллагын 2013 оны Үндэсний Ерөнхийлөгч Ц.Баатарбилэг энэхүү сургалтын талаар “2003 оноос хойш зохион байгуулж ирсэн энэхүү арга хэмжээний зорилго нь залуус өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг нь нээх, чадавхжуулахын зэрэгцээ хоорондоо нөхөрлөх боломжийг олгодог. Энэ жилийн хувьд залуу хүн өөрийгөө нээн гаргахад чиглэсэн сургалтуудыг сонгосон. Мөн 2007 оны Дэлхийн Ерөнхийлөгч байсан Скот Грийнли ирж сургалтыг явуулснаараа онцлог боллоо” гэсэн юм.

JCI Монгол байгууллагын 2003 оны Үндэсний ерөнхийлөгч Б.Зоригт залуусын тэсэн ядан хүлээдэг энэхүү үр өгөөжтэй сургалтыг анх санаачилсан бөгөөд 11 дэх жилийн Их хүрээ салбар байгууллагын хамт олон амжилттай бэлтгэн зохион байгуулсан байна. Сургалтын үр дүнд үндэслэн JCI Монгол байгууллага цаашид хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрийн төлөвлөгөөгөө боловсруулдаг байна.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж