Замгүй, хамгаалалтгүй газраар явган аялах зоригтон байна уу?

Хуучирсан мэдээ: 2013.03.24-нд нийтлэгдсэн

Замгүй, хамгаалалтгүй газраар явган аялах зоригтон байна уу?

Гуравдугаар сарын 31-ний өдрийг автомашингүй өдөр болгохоор нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Сүхбаатарын талбай тойрсон замууд болон Энхтайваны өргөн чөлөө, зүүн, баруун дөрвөн зам, Бага тойруу, Хувьсгалчдын өргөн чөлөө гээд гээд хотын төвийн бүсэд нэг өдрийн турш автомашин зорчихгүй. Ашгүй тэр өдөр нь амралтын өдөр таарч буй болохоор хүүхдүүдээ шавайг нь ханатал тоглуулъя хэмээн баярлан өгүүлэх хүн цөөнгүй байна. Машины угаарт хамгийн ихээр өртдөг нь хүүхдүүд гэдгийг мэргэжлийн байгууллагууд олонтаа сануулсаар байгаа ч хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүд хотоор нэг хөлхсөөр л байна. Автомашингүй  өдрийг угтсан цуврал ажил өнөөдрөөс эхэлжээ.

Гуравдугаар сарын 24 буюу өнөөдрийг явган аялах өдөр хэмээн нэрийдэж. Явган алхалт хөдөлгөөнийг дэмжих энэ өдөр “10 000 алхам” мини аялал зохион байгуулсан юм байна. Чухам хаагуур аялсан нь тодорхойгүй байгаа ч өнөөдөр манай нийслэлд аялан зугаалах нь бүү хэл алхаад ажилдаа ирэхийн зуур юу ч тохиолдож болохоор эрсдэл их байгааг уриа лоозон гаргагчид мартсан бололтой. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр баяр хөөр болон сургуулиа зорьсон охин гэртээ буцаж очоогүйг бид мартсан гэж үү. Тэнгист кино үзчихээд гэр рүүгээ алхаж явсан залуугийн гэрийнхэн  явган хүний зам байсан бол хаанаас ингэх билээ хэмээн гашуудаж суусан нь саяхан. Кран унасан, барилгын тулгуур төмөр мултарсан тэр газрууд өнөө хэр явган хүний замгүй, хамгаалалтгүй  хуучин хэвээр байна. Явган хүний зам дээр барьсан барилга, хатгасан хашааг тоолоход гарын бүү хэл хөлийн хуруу ч дутна. Арга ядсан хүмүүс үргэсэн бүжин шиг биеэ хураан автозамаар машинтай уралдан, өрсөлдөн амь дүйж явна. Үүнийг машиныхаа хүч, бярыг гайхуулан давхилддаг дарга түшмэлүүд, төрийн албан хаагчид хаанаас мэдэх вэ дээ. Харин явган аялах өдрөө өөрсдөө бидний замаар алхаад үзэх юм уу. Бид та бүхний машиныг унаад хаазаа тултал нь гишгээд хажуугаар чинь нэг өнгөрөх үү.  Автозамаар гарахдаа улаан гэрлээр зогсож, ногоон гэрлээр явдагийг мэдэхгүй хүн үгүй. Гэтэл явган зорчигчдод хаягласан ногоон гэрэл  туслах замын машины ногоон  гэрэлтэй хамт асдагаас машин хурдан уу, хүн хурдан уу гэдгийг батлахыг оролдсон нэгний шийдвэр ч юм шиг. Улаан гэрэлд хашигдан зогсох жолооч нарт зориулсан үнэгүй шоу ч байж болох энэ гажуудлыг засчихвал уриалга гарган, ажил хийсэн дүр эсгэх төрийн ажилтан тантай хамт хотын гудамжаар нэг өдөр байтугай хэсэгтээ алхсан ч би бэлэн байна.

Гуравдугаар 25-ны даваа гариг зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр гэнэ. Энэ өдөр жолооч нарыг дуут дохиогоо  дуугаргахгүй, дүрмээрээ зорчихыг уриалжээ. Хэрэгжвэл хэрэгтэй уриалга. Гэхдээ хэн дүрэм зөрчсөнийгөө сүйхээ, самбаатайд тооцож, цагдаа нар нь ч халтуурын хэдэн ядруу жолоочоос бусдад нь шаардлага тавьж чадахаа байсан цаг үед биелэхэд эргэлзээтэй л заалт юм. Түгжрээнд уйдсан, уурласан жолооч нар дуут дохиогоороо хэрэлдэж, хэлцэж байхын дээр жийп голдуу унаатай жирийн биш жолооч нар замын хашлага даван хаалт хашилтыг нь хэмх дайраад өнгөрөхийг харах, сонсох мэдрэмж манай цагдаа нарт лав харагдахгүй байна лээ.

Гуравдугаар сарын 27. Унадаг дугуйн өдөр. Энэ өдөр дугуйн дэлгүүрүүд сурталчилгаа хийж, дугуйн прокат ажиллуулахаар төлөвлөжээ. Дугуй сонирхдоггүй хүүхэд гэж үгүй. Манай гэрийн тагтан дээр л гэхэд хоёр ч дугуй зун цаг, зусланд гарах өдрийг эзнээсээ дутуугүй хүлээн хэвтэж байгаа.  Хаа нэг аав, ээжийн ааш гайгүй өдөр Сүхбаатарын талбайг зорьдгийг эс тооцвол дугуй унах боломж хүүхдүүдэд алга. Томчуудын хувьд бүр ч боломжгүй унаа бол дугуй. Унаад гарлаа гэхэд явах замгүй, зогсох зогсоолгүй, харж хамгаалах аргагүй түүн шиг хэрэггүй “хог” одоогоор лав алга байна.  Энэ бүгдийг хэн нэгний хийснийг баллуурдаж, хийхсэн гэсэн хүслийг нь унтраах гэсэндээ бичсэнгүй. Гагцхүү нөхцлийг нь бүрдүүлж байж хийж хэрэгжүүлээгүй ажил өлссөн хүнд сайхан хоол нэрлэхтэй ижил санагдсанаас ийн бичлээ.

Д.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж