Фото: Carl Court / AFP
Оросын томоохон бизнесмэн Борис Березовский учир битүүлгээр нас баржээ. Энэ талаар түүний хүргэн Егор Шуппе өөрийн facebook-т бичсэн байна.
Демьян Кудрявцев гэдэг хүний мэдээлснээр бол Борис Березовский Лондон хотноо орон нутгийн цагаар 11.00 цагт нас барсан бөгөөд түүнд хүчирхийлэлд өртөн амиа алдсан гэх шинж тэмдэг байгаагүй гэнэ. Гэтэл бизнесмений өмгөөлөгч Александр Добровинский бичихдээ түүнийг амиа егүүтгэсэн гэжээ. Гэхдээ энэ мэдээлэл бусад эх сурвалжаар батлагдаагүй байна. ИТАР-ТАСС агентлаг түүнийг Лондон дахь байрныхаа угаалын өрөөнд нас барсан гэсэн мэдээлэл цацаад байгаа бол Оросын Нэгдүгээр суваг "Түүний зүрх энэ долоо хоногт өвдөж, хэд хэдэн удаа хатгасан" гэж өөрийн эх сурвалжийн мэдээнд өгүүлжээ.
Борис Березовский 1946 онд Москвад төржээ. Москвагийн Ойн техникийн дээд сургууль, МГУ-гийн механик, тооны факультетийг дүүргэсэн бөгөөд хожим дэд эрдэмтэн, докторын цол хамгаалж, Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн болжээ. Бизнес эрхлэх болсон тэрээр 1993-1994 оны өвөл Борис Ельциний хүрээнд орж ирсэн байв. 1999 онд Төрийн думд сонгогдсон ч депутатаас 2000 онд татгалзаж, Владимир Путиныг хүчтэй шүүмжлэх болжээ. Түүнд “Аэрофлотын хэргээр” эрүү үүсгэх тухай мэдээ гарсны дараа 2000 онд Оросыг орхин, гадаадад гарсан байна. Борис Березовский энэ талаар "Путинтэй сөргөлдсөний улмаас дээрх хэргийг үүсгэсэн" хэмээн мэдэгдэж байсан юм. 2003 онд тэрээр Их Британид улс төрийн орогнол авчээ. 2007 онд Оросын шүүх дээрх хэрэгт холбогдуулан түүнийг зургаан жилийн ялаар эчнээ шийтгэсэн байна.
Түүнийг нас барсан гэх мэдээллийн араас "Березовский Путинд захидал бичиж, Орост эргэн очих зөвшөөрөл хүссэн байжээ. Тэр зөвхөн нутагтаа очихыг хүссэн" гэх мэдээллүүд ч цацагдаж байна. Борис Березовский ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай олон жилийн турш таагүй
харилцаатай байсан гэдгээр нь дэлхий нийт мэдэх билээ. Тиймээс зарим нь
Путины зүгээс хийсэн алхам гэж хардаж буйгаа нуухгүй байгаа аж.