Италийн зураач, зохиолч, сэтгүүлч Matteo Pericoli-ийн зурсан график зураг болон зохиолчийн бичсэн богино эсээг нийтэлдэг бөгөөд сар болгон нэг зохиолчийн цонхыг дэлхийд дэлгэдэг аж. Энэхүү “Дэлхийн цонх” төсөл нь 2010 оноос эхэлсэн бөгөөд анх “Нью Йорк Таймс”-д нийтлэгддэг байсан ба 2012 оноос “Paris Review” сэтгүүлд гарах болжээ. Уг цувралаар Нобелийн шагналт Туркийн зохиолч Орхун Памук болон дэлхийн нэр алдартай зохиолчид уригдаж цонхоо дэлхийд танилцуулжээ.
Монгол уншигчиддаа зохиолч Г.Мэнд-Ооёогийн цонхоор юу харагддагийг үзүүлж, түүний цонхоороо хараад юу боддогийг дэлгэж байна.
Тэрээр:
“Үүр тэмдэгрэхийн өмнөхөн түнэр харанхуй. Орчлон нам гүм. Оддын доор хээр талдаа идээшлэн бэлчих адуун сүрэг яг л энэхэн мөчид зогсоогоороо зүүрмэглэнэ. Адуу дугхийгээд сэрэх тэр л хооронд дорно тэнгэрийн хаяа үл мэдэг туяарна. Бага ахуйд өглөө болгон үүрийн гэгээнээр чөдөртэй морио барихаар хазаараа аван алхдаг сан. Морь луугаа алхаж явахад үүрийн туяаны дээхнэтэй дууч бялзуухайнууд шулганан нисэлдэх нь нэн жаргалтай. Нүүдэлчний хүү миний өдгөө амьдралын өглөө бүрийн хэм хэмнэл алдрай багынхаа ая айзмаар тогтжээ. Дорноос цайх үүрийн гэгээг цонхныхоо дэргэдээс угтаж, хээр талд бэлчих адуугаа хураан ирдэг байсан дадлаараа, хульжин одсон үй олон бодол сэтгэгдлүүдээ оюун сэтгэлдээ хураагаад бичгийн ширээндээ тухална. Цонх бол ажин шинжихүйгээ цэгцтэй байлгах аятайхан орон зай юм. Цонхоор таслагдан үзэгдэх амьдралын дүр зураг хэм хэмнэл хийгээд гэрэл сүүдэр, цаг мөч бүхэнд өөр өөрийн утга агуулга буй.
Гийх үүрийн туяа өөд миний сэтгэл хэдийн нисэн одоод нэг л хэсэгтээ өөр орон зайд сэлгэж, өөр цаг хугацааг эзэгнэнэ.
Улаанбаатар хотын төв дунд байх манай гэрийн цонхоор Монголчуудын эрдэм оюуны их өргөө болох Монгол улсын их сургууль тов тод харагдана. Заримдаа хананд өлгөсөн уран зураг мэт санагдах нь бий. Цонхноос хэдхэн алхамд монгол газрын хуш модоор хийсэн миний бичгийн ширээ. Уран бүтээлийн диваажин. Цонхны цаадтайх ахуйг сэлгэж ширээндээ суухад ертөнц огт өөр орон зайд шилжинэ. Хорвоогийн нэгэн өдрийн ажин түжин цонхны цаана үргэлжилж, түүх шастир зузаарсаар. Манай гэрийн цонх мөнөөх л үргэлж харагдах бүхнээ үл уйдан ширтсээр “өчүүхэн ч чөлөө завгүй”.” хэмээн бичжээ.