ҮАБЗ Тавантолгойн талаар ямар зөвлөмж хүргүүлэв!

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

ҮАБЗ Тавантолгойн талаар ямар зөвлөмж хүргүүлэв!

Засгийн газар энэ оны дө­рөв­дүгээр
сарын  21-нд хийсэн ээл­жит  24 дүгээр хуралдаанаараа Та­вантолгойн
нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах
баримт бичиг болон хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр Засгийн газрын
гишүүдийн са­налыг тусгаж   Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд
танилцуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу ҮАБЗ хэлэлцэн судалсаар энэ
сарын 18-ны өдрийн хуралдаанаараа зөв­лөмж гарган ЗГХЭГ-т хүлээлгэн
өгсөн байна.  Уг зөвлөмжийг нуу­цын зэрэглэлтэй материал учир
дэлгэрэнгүй танилцуулахгүй байгаа ажээ. Бидний олж мэдсэнээр ҮАБЗ-ийн
дээрх хуралдаанаас зөвлөмж, тэмдэглэл гэсэн хоёр баримт бич­гийг үйлдэн
батламжилсан байна. Уг зөвлөмж нь дөрвөн зүйл­тэй, гуравдугаар зүйл нь
таван дэд зүйлээс бүрдсэн бөгөөд зөв­лөмжийн зарим сонирхолтой зүйл,
заалтуудаас дурьдъя.

Зөвлөмжийн гол агуулга нь   “Тавантолгойн
ордыг ашиглах гэрээг Монгол Улсын хуульд нийцүүлэн хийж, ордын
ашиглалтын тусгай зөвшөөрлийг 100 хувь төрийн өмчит компанийн мэдэлд
байлгаж, цаашид орд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий төрийн өмчит
компанийн хувьцааг  Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх арга
хэмжээг холбогдох хуулийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх” чиглэлийг
Засгийн газарт  өгсөн байна. Мөн “Нүүрсний нөөц олборлолтын нөхцөлийг
харгалзан Тавантолгойн ордын тодорхой хэсгийг хамтран ашиглах хөрөнгө
оруулагчдын урьдчилсан сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод
хэрэгжүүлж, яриа хэлэлцээр явуулахыг Засгийн газар /С.Батболд/-т үүрэг
болгосугай” хэмээжээ.

Тавантолгойн ордыг хамтран ашиг­лах
хөрөнгө оруулагчдын сон­­гон шалгаруулалтын талаарх Үндэсний аюулгүй
байдлын зөв­лөлийн санал, дүгнэлт олны анхаар­лыг татаж байсан. Тэгвэл уг зөвлөмжид:

-Урьдчилсан
сонгон шалга­руулалт, яриа хэлэлцээг улс орны хөгжлийн гадаад таатай
орчинг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг
бэхжүүлэхэд чиглүүлэх.

-Хөрөнгө оруулагчдын туршлага, санхүүгийн
чадвар, байгаль ор­чинд ээлтэй технологи, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө,
стандарт, бүс нутгийн дэд бүтэц, усны хайгуул, ашиглалт, бүтээгдэхүүний
үнэ, зах зээл, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах санал зэрэг
шалгуур үзүүлэлтээр шалгаруулах.

-Хот төлөвлөлт, ордыг
түшиг­лэсэн үйлдвэр, барилга байгууламж, дэд бүтэц, зам, тоног
төхөөрөмжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандарт
/Европын холбоо/-ыг баримтлан үндэсний үйлд­вэрлэлийг дэмжих бодлоготой
уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах гэсэн үндсэн
асуудлуудыг Засгийн газарт чиглэл болгосон ажээ.

Түүнчлэн
Тавантолгойн ордыг ашиглах сонгон шалгаруулалтад гадаадын аж ахуйн
нэгжийг оролцуулах бол нэг компани буюу консорциум гэсэн зарчим
баримталж, яриа хэлэл­цээрийн дүнг ҮАБЗ-д урьдчилан танилцуулахаар
заасан байна.

ҮАБЗ-ийн Тавантолгойн та­лаар хэлэлцэхдээ
зөвлөмжөөс гад­на тэмдэглэл гаргасан бай­гаа. Уг тэмдэглэлд “…Монгол
Улсын Засгийн газраас ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-д танилцуулах
баримт бичигт ҮАБЗ-ийн зөвлөмжийн заалт, чиг­лэлийг тодруулан тусгаж,
ҮАБЗ-ийн ажлын албаны болон шин­жээч­дийн санал дүгнэлтийг тухай бүр
харгалзан хэлэлцэж байх”. “…Өнгөрсөн хугацаанд болон цаа­шид
Тавантолгойг сонирхсон га­даадын хөрөнгө оруулагчидтай хий­сэн уулзалт,
ярианы тэмдэглэл, саналыг Засгийн газар, ҮАБЗ-д та­нилцуулж хувийн хэрэг
үүсгэж ажлын хэрэгцээнд ашиглаж байх”. “…Тавантолгойн уурхайн ашиглалт,
дэд бүтэц барьж байгуулах асуудлыг “Өмнийн говь” төсөлтэй уялдуулан
УИХ-д оруулах” гэсэн үндсэн асуудлыг тусгасан байна.

ҮАБЗ-ийн
дээрх зөвлөмж нь  Монгол Улсын Үндэсний аюул­гүй байдлын тухай хууль
болон Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн тухай хуулиар заавал хэ­рэгжих
ёстой байдаг. Нөгөөтэйгүүр Засгийн газраас бай­гуулсан ажлын хэсэг түр
хуга­цаатай байдаг бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба
байнгын ажиллагаатай байдгаараа онцлогтой. Зөвлөмжийн гол агуулгад
заасанчлан УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нягт
уялдаатай ажиллах нь тодорхой болж байна. Тиймээс  Засгийн газар, эсвэл
УИХ ганцаарчилсан тоглолт хийж, амбицлах боломж улам хаагдмал бөгөөд
зөвхөн улс орны нийтлэг эрх ашгийн төлөө шийдвэр гаргах үүрэг хариуцлага
нь өндөржиж байгаа хэрэг юм.

У.Оргилмаа.
 Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж