МАН-аас “Оюутолгой” ХХК-д шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

МАН-аас “Оюутолгой” ХХК-д шаардлага хүргүүлнэ

МАН-ын Хяналтын танхимын Эдийн засгийн байнгын хорооноос “Оюутолгой” ХХК-д хандаж шаардлага гаргажээ. Тэрхүү шаардлагад “Оюутолгой” компани Монгол Улсын болон Олон улсын хууль тогтоомж, гэрээ конвенц, стандартыг дагаж мөрдөн ажиллах учиртай. Гэтэл хүнийг арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлийг Монгол Улсад төлөвшүүлж байна. Тус компани монгол ажилчиддаа эрс ялгаатай цалин хөлс олгож байгааг Монгол Улсын Хөдөлмөрийн яам хяналт шалгалтаараа нэгэнт тогтоожээ. Мөн монгол ажилтантайгаа ёс зүйгүй харьцаж, хуулийн үндэслэлгүй ажлаас нь халж, эрхзүйн хувьд алдаатай тушаал гаргаж ажилтнаа хохироож буй асуудлаар иргэн С.Гантуяа Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргахад энэ нь үнэн болохыг шүүх бас нотоллоо.Иймд “Оюу Толгой” компани Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 8.1 дэх заалтаа биелүүлэх, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенцийн дагуу бүх монгол ажилчдын хөдөлмөрийг шударгаар үнэлж, гадаад дотоодын ажилчдаа үл ялгаварлан цалин хөлсийг нь эрх нэгжээр тогтоож өгөхийг шаардаж байна. Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон улс орон бүр Олон улсын өмнө түүнийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээдэг билээ. Монголын Засгийн Газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан “Оюутолгой” компани Олон улсын болон Монгол Улсын өмнө энэхүү үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх үүрэгтэй юм. Энэхүү үүргээ эс биелүүлбээс хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулъя.

“Оюутолгой” компанийн удирдлага энэхүү шударга шаардлагыг хүлээн авч, нааштайгаар шийдвэрлэж монголчуудыг хүндэтгэж ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж