Бас нэг нүүр түлсэн үйл явдал нь МАХН-ын гишүүд дэмжигчид Төрийн ордны гадаа “Н.Энхбаярыг суллаж өгнө үү” гэх лоозон барьсан явдал. Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрт хандаж намын даргаа суллуулах хүсэлтийг ийн лоозонгоор дамжуулж дайж буй юм байх. Жирийн гишүүд, дэмжигчид нь намынхаа даргыг суллуулах гарц хайн, Их Британийн Ерөнхий сайд асны анхаарлыг татахын тулд лоозон туг намируулан Төрийн ордныг гороолон чичирч зогсоход тус намын дэд дарга Д.Тэрбишдагва, нарийн бичгийн дарга Ц.Чимэдцэрэн нар Налайх дүүрэг рүү давхиад оччихсон Наурызын баяр тэмдэглэсэн шигээ цэнгэж явах юм аа. Дарга нар нь баяр тэмдэглэж дарвиж явахад хөөрхий муу гишүүд нь жагсаалд гарчихсан чичирч зогсохыг нь харахаар хэлэх ч үг олдохгүй байгаа юм. Тэр тусмаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь зочин гаднаас урьчихаад өөрөө баярт явчихсан, МАХН-ын дэд дарга нь Наурызын баяр тэмдэглэж явахад гишүүд нь жагсаж байдаг марзан үзэгдлийг юу гэж ойлговол зохилтой вэ. Засгийн дампуурал, улстөрийн дампуурал хоёр зэрэг зэрэг нүүрлэчихсэн юм биш байгаа даа. Засгийн газар, МАХН хоёр ямар хошин жүжиг дэлгэчихэв ээ, өчигдөр.
Дарга баярт, гишүүд жагсаалд гарав
Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр өчигдөр Монгол Улсад ажлын айлчлал хийсэн нь монголчуудын төдийгүй дэлхий дахины анхаарлыг татав. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн урилгаар Улаанбаатар хотноо нэг өдөр өнжөөд нутаг буцсан түүнийг ямар зорилго өвөртлөн Монголыг зорьж ирэв гэдэг хамгийн анхаарал татах сэдэв байлаа. Гэвч Монгол Улсын Засгийн газраас өгч байгаа мэдээллээр Ерөнхий сайд асан Тони Блэйр нь төрийн бус шугамаар ажлын айлчлал хийсэн тул шийдвэр гаргах төвшний асуудал яригдаагүй, зөвхөн зөвлөгөө авах асуудлын хүрээнд уулзалт хийгдсэн гэх даруухан мэдээлэл дагуулж байна. Хамгийн хачирхалтай нь, Ерөнхий сайд асан Тони Блэйрийг Монгол Улсад ажлын айлчлал хийхийг хүсч, урилга илгээсэн сайд Ч.Сайханбилэг энэ эрхэмийг Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхэд эзгүй байв. Казах түмэнд Наурызын баяр хүргэхээр Баян-Өлгий аймагт ажиллаж байсан үетэй дээрх айлчлал давхцсанаар Ерөнхий сайд асан Тони Блэйр урилгагүй зочин болж хувирав. Төрийн ч байлаа, хувийн ч байлаа, айлчлал хийх урилга илгээчихээд, ирэх болоход нь нүүр бууруулан өөр зүгт оддог дипломат харилцаа Монгол Улсаас өөр оронд байдаг болов уу. Ийн урьд сонсогдож байгаагүй сонин үйл явдал өчигдөр боллоо.
Г.ДАРЬ