хамт олон 50 жилийнхээ ойн хүрээнд гадаадын уран бүтээлчидтэй хамтран
ажиллах ээлжит тоглолтоор Ж.Бизегийн “Кармен” дуурийг сонгожээ. Өнөөдөр 17.00 цагт тоглогдох Ж.Бизе “Кармен” дуурийг тус театрын хүндэт зочин, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жин Дон Кей
удирдан тоглуулах нь ээ.
“Кармен” дуурь нь манай тайзнаа 1984
оны дөрөвдүгээр сарын 5-нд анх тоглогдсон ба эдүгээ 84 дэх удаагийн
тайзнаа амилах гэж байна. Тус дуурийн найруулагчаар Урлагийн гавьяат
зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн
Ж.Бүрэнбэх, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж байсан юм.
“Кармен”
дуурь 1880 оноос дэлхийн хамгийн алдартай дуурийн тоонд зүй ёсоор
багтжээ. Алдарт “Кармен” дуурь нь соёлт хүн бүхний мэдэх болсон удиртгал
хөгжим, “Тореадорийн дуу”, “Хабанера”, “Цэцгийн дуу” зэрэг шилдэг
шигтгээ болсон аринудаар баялаг билээ. Уг дуурь 1820-иод оны Севиль
хотын амьдрал, Тамхины үйлдвэрийн ажилчид болон бухтай тулалдагчийн
тухай өгүүлнэ. Тэдний дунд тамхины үйлдвэрийн ажилчин хүүхнүүдийн нэг
үзэсгэлэн гоо, эрх чөлөөт, омог бардам цыган бүсгүй Кармен гарна.
Цэргийн түрүүч Хозе хайр дурлалт бүсгүйтэйгээ үйлдвэр дээр гарсан танхай
явдлаас үүдэн танилцдаг. Хэдийгээр сүйт бүсгүйтэй ч Хозе үзэсгэлэнт
Кармен бүсгүйд өөрийн эрхгүй сэтгэл алдарна. Гэтэл хилийн хулгайч нар
гарч ирснээр хос хоёр хагацан ээдрээт хувь тавилан, гунигт хайрын түүх
эхэлдэг. Эцэст нь тэд эргэн уулзсан ч Кармен өөр хүнд сэтгэлтэй болсноо
хэлэхэд Хозе итгэж ядна. Ингээд Кармен “Эрх чөлөөтэй төрсөн би эрх
чөлөөтэйгээр үхнэ” гэж хэлэн бэлэглэсэн бөгжийг нь шидэхэд яаж ч гуйгаад
нэмэргүйг ойлгосон Хозе уур хилэндээ шатаж хайртай бүсгүйгээ хөнөөдөг.
“Кармен”-ы
гол дүрүүдийг ДБЭТ-ын үе үеийн чадварлаг гоцлол дуучид амилуулсаар
ирсэн билээ. Энэ удаад театрын залуу гоцлол дуучид гол дүрүүдийг
бүтээхээр бэлтгэж байна.Тамхины үйлдвэрийн ажилчин, цыган хүүхэн
Карменд меццо сопрано Ц.Арюна, Дон Хозед тенор Ч.Түмэндэмбэрэл,
Эскамильод баритон Ч.Энхтайван, Данкайрад баритон А.Сайнбаяр, Цунигад
Ч.Чинзориг, Моралест баритон Э.Амартүвшин, Микаэлад сопрано
Б.Эрдэнэтуяа, Ремендадод Г.Шижирболд, Мерседест М.Дариймаа, Фраскитад
сопрано Д.Туяа нар тоглоно.
Үзэгч та бүхэн шинэ Кармен, Дон Хозе нарын дүр төрх, жүжиглэлтийн үзэхийг хүсвэл өнөөдөр ДБЭТ-ийг зориорой.