Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

УДЭТ-т өчигдөр “Гэгээн муза Х” наадмын эцсийн шатны шалгаруулалт үргэлжлэн Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрынхан “Скапений дамшиглал” инээдмийн жүжгээ үзэгч, шүүгчдэд толилууллаа. Тэд энэ удаагийн наадмын драмын жүжгийн төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд шилдэг найруулагч номинацид найруулагч н.Пүрэвдорж, шилдэг тайзны зураач номинацид зураач н.Эрдэнэбаатар, шилдэг эрэгтэй гол дүрд Скапений дүрээр жүжигчин н.Баярсайхан нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

Жүжгийн үйл явдал эртний сурвалжит баячуудын хүрээнд өрнөнө. Нутагтаа харамчаараа алдартай Жерард баян охиноо Аргат баяны хүүтэй гэрлүүлэхээр хэлцэн тохирсон ч тэд өөр хот руу худалдаа наймааны ажлаар яваад ирэх хооронд Аргат баяны хүү ядуу бүсгүйтэй нууцаар гэрлэдэг. Хүү эцгийгээ өөрийг нь Жерардын охинтой гэрлүүлэх гэж байгаа тухай энэхүү гэрлэлтийнхээ дараа мэдэх бөгөөд хайртай бүсгүйгээсээ салахгүй хэмээн Скапений тусламжийг хүсдэг. Скапени бол нутагтаа сэргэлэнгээрээ алдартай хэн хүний занг төвөггүй олчихдог ч басхүү хөөрхөн дамшиглачихдаг нэгэн. Тэрээр эцгийн эзгүйд нууцаар гэрлэсэн хүүд нь туслахаар болдог. Мөн яг энэ үед Жерардын өв тэгш хүмүүжилтэй хүн болгон өсгөсөн хэмээн найддаг ганц хүү нь цыган бүсгүйд хайр сэтгэлээ илчлэн эцгээсээ энэ тухай нуусан ч түүнийг нь цыганууд хүчээр барьцаалан хоёр цагийн дотор 500 пистол өгөхгүй бол өөр хот руу авч явна хэмээн сүрдүүлнэ. Энэ бүх асуудлыг сэргэлэн Скапени зохицуулах ба хамарч баян эцгүүдээс нь мөнгийг хууран авч тэдэнд өгдөг. Жүжгийн төгсгөлд өнөөх хоёр баяны хүссэн ёсоор хүү, охин хоёр нь гэрлэнэ. Гэхдээ тэд ийм зүйл болно гэж төсөөлж ч байгаагүй. Учир нь хоёр баян хоёулаа охиноо багад нь хулгайд алдсан байдаг бөгөөд тэд санаадгүй тохиолдлоор охидоо олоход хөвгүүдтэй нь хайр сэтгэлээр холбогдсон өнөөх ядуу, цыган охид байж таарсанаар аз жаргалтай төгсдөг. Харин бөөн хэрэг дэгдээн эцгүүдийг нь залилсан нь илчлэгдсэн Скарени ч өөрийн нэрийг цэвэрлэн тэдний уучлалыг хүлээн хурим найр хууртай өндөрлөнө. 

Г.ДАША

Энэ удаагийн наадмын ерөнхий шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор найруулагч Н.Ганхуяг, Гэгээн муза академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач, хөгжийн зохиолч Т.Сэр-Од, урилгаар ажиллаж байгаа Олон улсын театрын шүүгч, Алтан маск наадмын эксперт шүүгч, ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, театр судлаач Тихоновец Татьяна Николаевна, урлаг судлалын ухааны доктор, дэд професор, театр судлаач, Соёлын тэргүүний ажилтан Н.Батсайхан, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын ерөнхий найруулагч, Соёлын тэргүүний ажилтан М.Цогт, зураач Т.Аянга нар драмын жүжгийн төрлийн найруулагчаар ажиллаж байгаа юм.

Гэгээн муза X наадмын шилдгүүд энэ сарын 27-нд тодорно.















 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж