С.Дашдондог агсны номын баяр боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

С.Дашдондог агсны номын баяр боллоо

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын анхдагчдын нэг, театрын нэрт зүтгэлтэн, судлаач С.Дашдондог агсны 90 насны ой, урлагийн ариун сүмийн 50 жилийн ойд зориулан өнөөдөр түүний бичсэн “Хөгжим, дуурь, балет судлал” номын баяр боллоо. Уг номыг  УДБЭТ-ын захирал асан Б.Сэргэлэн театрын хагас зуун жилийн ойд зориулж, С.Дашдондог агсны охин, театр судлаач Д.Батсайханд хандан “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл”, бусад гар бичмэлүүдийг нь эмхэтгэн ном болгон хэвлүүлэх санал тавьж, санхүүгийн асуудлыг шийдсэнээр өдгөө театр, урлагт хайртай, дуртай хэн хүний дурлан шимтэн унших нандин бүтээлийг өлгийдөн авчээ.

Номын эмхэтгэлийг С.Дашдондог агсны охин, урлаг судлаач Д.Батсайхан хийсэн бөгөөд эхний хэсэгт С.Дашдондог агсны 1993 онд хэвлүүлсэн “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” ном багтсан бол хоёрдугаар хэсэгт түүний бичсэн шүүмж, судлалын өгүүллэгүүд, гуравдугаар хэсэгт алдарт хуурч Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Жамъян гуайн тухай 1987 онд бичсэн ховор гар бичмэлүүдийг нэгтгэн гаргаснаараа онцлог, дахин давтагдашгүй бүтээл болжээ.

С.Дашдондог агсан хуучир хөгжимчний хувиар урлагийн амьдралд хөл тавьж, тэргүүн зэргийн хуучирчин болтлоо гялалзаж, Монголын анхны трамбонистуудын нэг байжээ. Тэрбээр 1949-1957 онд УДБЭТ-ын даргаар ажиллаж байсан юм. С.Дашдондог шулуун шударга зантай, зарчимч хүн байсан ба хөгжим судлал, тэр дундаа дуурь, балетын талаарх олон шүүмж, өгүүллэгүүд нь одоог хүртэл урлагийн сургуулиуд, тэр дундаа урлагийн шүүмжээр суралцагсдын гарын авлага болсоор байдаг аж.

Номын баярт түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад уран бүтээлчид болох Ардын жүжигчин Б.Жамъяндагва, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, болон түүний шавь, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган, удирдаач Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх, УДБЭТ-ын уран сайхны удирдаач А.Дашпэлжээ, УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул, урлаг судлаач Н.Ганхуяг, ДБЭТ-ын захирал асан Б.Сэргэлэн, гоцлол дуучин, багш Цэцгээ нар болон түүний үр хүүхэд, найз нөхөд, уг бүтээлийг хэвлэхэд гар бие оролцсон эрхмүүд оролцсон юм.Номын баярын үеэр УДБЭТ-ын захиарл Ч.Мөнхзул “Хөгжим, дуурь, балет судлал” номын дээжээс Улсын төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд тус тус гардуулан өгсөн юм.

Театр урлагийн шүүмжлэгчид ховордсон өнөө үед “Хөгжим, дуурь, балет судлал” ном нь цагаа олсон бүтээл боллоо хэмээн ахмад уран бүтээлчид, урлаг судлаачид ам сайтай байлаа.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж