“Хөгжлийн хөтөч” клуб байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн хөтөч” клуб байгуулжээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, судлаач Д.Ганхуяг, Б.Ганбат нар хэсэг бодлого боловсруулагч, улс төрчтэй хамтран “Хөгжлийн хөтөч” клубыг байгуулжээ.

Тус клуб нь улс орноо хэрхэн хөгжүүлэх, Монгол Улсад хөгжлийн ямар загвар хэрэгтэй талаар ярилцах, асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, улстөрч, эдийн засагч, судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, нэвтрүүлэг бэлтгэх зэрэг ажил хийх юм байна.

Мөн клубээс хөгжлийн эдийн засаг, философи, улс төрийн талаар орчин үеийн нэрт онолч, судлаачдын номыг орчуулж, захиалж бичүүлэн олон нийтэд түгээх ажлыг хийхээр зорьж “Хөгжлийн хөтөч” цувралыг гаргаж эхэлжээ. Цувралын анхны ном болох “Капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл” номын нээлтийг хийгээд байна. Номын ерөнхий редактор Б.Ганбат  “Номын гол агуулга нь чөлөөт зах зээлийн бодлого хөгжиж байгаа орнуудад ямар асуудал учруулдаг вэ гэдгийг мэдүүлэх зорилготой юм. Өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын туршлагыг энэ номоос үзэж болно.  Чөлөөт зах зээлийн дүрмээр ядуу орныг баян болгосон тохиолдол байхгүй.  Ядуу орны иргэд илүү бүтээлч байдаг гэх зэрэг өнөөдрийн Монголын нөхцөлд тохиолдож байгаа олон асуудлыг хөндөж харьцуулан гаргасан” хэмээжээ.

Номыг энгийн үгээр тайлбарлан бичсэн учир Монголын бодлого тодорхойлогчид,  судлаач, оюутан, залууст гарын авлага болно гэдэгт клубынхан итгэлтэй байгаа аж.
                  

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж