(1934-2013)
Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бяраагийн Чимид хүнд өвчний улмаас 2013 оны гуравдугаар сарын 22-нд таалал төгсөж, монгол түмэнд хүнд гарз хохирол учирлаа.
Бяраагийн Чимид нь 1934 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутагт төрсөн бөгөөд нутагтаа багийн дарга, аймгийн намын хорооны зааварлагч хийж байгаад 1966 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсөж хуульч мэргэжил эзэмшсэн хүн юм. Тэрээр 1966-1978 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1978-1982 онд Шүүх яамны сайд, 1982-1986 онд Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрч, 1986-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн хэлтсийн дарга, 1990-1992 онд Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1997 он Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, түүнээс хойш УИХ, Засгийн газрын тэргүүн, төрийн тэргүүн нарын зөвлөхөөр ажиллаж, Монгол Улсын орчин үеийн хууль зүйн салбарыг дэлхий нийтийн жишигт нийцүүлэн шинэчлэн хөгжүүлэхэд болон шинэ үеийн хуульчдыг бэлтгэх, өсч дэвжихэд онцгой хувь нэмэр оруулжээ. Талийгаач төр нийгмийн том зүтгэлтэн төдийгүй хууль зүйн ухааны доктор, МУИС, Удирдлагын академийн профессор цолтой нэрт эрдэмтэн, онолч, асар туршлагатай судлаач, багш сурган хүмүүжүүлэгч байлаа.
Монгол оронд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах, түүний цоо шинэ харилцааг зохицуулах эрх зүйн шинэтгэлийг хийхэд шинэ Үндсэн хуулиас эхлүүлэн олон зуун хуулийгболовсруулан хэлэлцэж, зөвлөж явсан гарамгай хуульч, хууль зүйн салбарын ноён нуруу хэмээнтүүнийг нийт монголчууд, ялангуяа түүнтэй хамтран ажиллаж байсан хүн бүхэн үнэлж, бахархан дурсаж байдаг юм.
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, улмаар батлалцах, түүнийг хэрэгжүүлэх эрхэм үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдлыг баталгаажуулах, хууль шударга ёсны нийтлэг зарчмыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан олон жилийн гавьяа, зүтгэлийг нь Монголын төрөндрөөр үнэлж Бяраагийн Чимидэд Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон хоёр удаа, Монгол Улсын гавьяат хуульч, Ардын багш, Хөдөлмөрийн баатар цол, “Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” хүртээжээ.
Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, үнэнч шударга, тууштай зарчимч,оюунлаг эрхэм нандин зан чанар, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.