Австралийн ерөнхий сайд, хөдөлмөрчдийн намын тэргүүн Жулиа Гиллард өнгөрөгч пүрэв гаригт явуулсан санал хураалтаар намын даргын суудлаа хэн нэгэнд залгамжлуулахаар болоод байна. Одоогоор түүний оронд ирэх хамгийн магадлалтай хүнээр Кевин Руддын нэр хүчтэй яригдаж байгаа юм. Кевин Рудд нь 2007-2010 оны хооронд Австралийн хөдөлмөрчдийн намыг удирдаж, ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тэрбээр 2010 онд өөрийн байр суурийг Жулиа Гиллардад алдсан юм. Ирэх есдүгээр сарын 14-нд болох Австралийн сонгуулиас өмнө Хөдөлмөрчдийн намын даргын суудал хэн нэгний гарт очих нь тодорхой болоод байна. Пүрэв гаригт болсон хурлаар Гиллардын кабинетэд ажилладаг хоёр ч сайдыг огцруулахаар болсон юм. Эрдэс, баялаг эрчим хүч, аялал жуулчлалын сайд Мартин Фергюсон, Боловсрол шинжлэх ухаан, жижиг бизнесийн сайдыг давхар гүйцэтгэгч Крис Бове нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Жулиа Гиллард ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш түүний нэр хүнд нам дотор унаж эхэлсэн бөгөөд Кевин Рудд ч шүүмжлэлийн үгсийг чулуудаж байсан юм.
Б.СҮХ