“Хоёр ертөнцийн буудал”-ыг өнөөдөр тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

“Хоёр ертөнцийн буудал”-ыг өнөөдөр тоглоно

Хоёр ертөнцийн буудалд учирсан хосууд
“…Нэг, хоёр, гурав
Би чиний духыг үнсэнэ
Дөрөв, тав, зургаа

Би чиний нүдийг үнсэнэ…” хэмээх энэ л үгийг мартахгүй гэсэндээ чангаар уншина. Тэд хоёр ертөнцийн заагт саатсан хэдий ч эх дэлхийд эргэж очоод тэнд таарна гэсэн итгэлээр энэ л үгсийг давтан давтан уншиж, ой тойндоо мартахааргүй хадгалахаар хичээнэ. 

Өнгөрсөн оны онцлох уран бүтээлүүдийн нэг “ТВ коктейль” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг драмын урлагийн дээд шагнал “Гэгээн муза Х” наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч, хөгжмийн зохиолч гээд нийт зургаан номинацид нэр дэвшээд байгаа юм. Телевизийн хошигнол, дэлгэцийн бүтээлүүдээр дагнан ажилладаг “ТВ коктейль” хамтлаг стиль жанраа эрс өөрчлөн, драмын урлагт хөл тавьснаа “нийгмийн сэтгэлзүйд өөрсдийн оролцоог нэмэрлэж буй хэрэг юм” хэмээн тайлбарлаж байсан. Үнэхээр ч уран бүтээлээрээ өдөр ирэх тусам өсөн дэвшиж яваа тэдний дуу хоолой хүрэх ёстой газраа хүрч очин, үзэгч ажиглагчдаас өндөр үнэлгээ авсны тод жишээ энэ билээ. Улиг болсон хайр сэтгэл, хар хорон санаа мэтээр үзэгчдээ залхаахын оронд үхэл амьдралын үнэ цэнэ, утга учрын тухай хүн төрөлхтний хувьд мөнхийн сэдвүүдээр аялуулж чадсан “Хоёр ертөнцийн буудал” жүжиг өмнө нь хоёр театрын боломж бололцооноос шалтгаалан 20-хон удаа тоглогдоод өнгөрч байсан. Тэгвэл үзэхээр төлөвлөчихөөд амжаагүй үлдсэн хүмүүст аминчлан сануулахад Ж.Сэнгэдорж найруулагчийн “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжиг “Гэгээн муза” наадмын хүрээнд энэ сарын 22-ны үдэш 19.00 цагаас УДЭТ-т ганцхан удаа тоглогдох гэж байна.

Та хоёр ертөнцийн буудалд юу өрнөснийг мэдмээр байвал өнөөдөр УДЭТ-ыг зориорой.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж