Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэ сайхан баярын өдөр Болат гуайнд ирж буйдаа баяртай байна. Болат гуай бид хоёр аль 1990 оноос хойш бие биенээ мэднэ. Болат гуай намын дарга байхдаа 1990 онд Улаанбаатарт ирж байсан. Харин би Ардчилсан холбоог төлөөлж Ардын Их Хурлын депутат болж, Улсын Бага Хурлын гишүүн болж байсан. Харин та Баян Өлгий аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдож Улсын Бага Хуралд орсон. Тэгээд УИХ-д удаа дараа сонгогдож, Засгийн газарт хариуцлагатай алба хашиж байсан, ийм сайхан ахмад юм.
Бид маш ойр дотно харилцаатай явж ирсэн. Миний хүндэтгэж явдаг ахмад буурлуудын маань нэг байгаа юм. Өнөөдөр энэ сайхан баярын үеэр танайд зочилж буйдаа сэтгэл хангалуун байна. Энэ Наурызын баярыг Монгол түмний үнэт эрдэнэ болсон хосгүй баяр гэж үздэг. Яагаад гэвэл энэ баярын үеэр ёс заншил, уламжлалаа, ахмад буурлуудаа дээдэлж, зөвхөн сайн сайхан зүйлийг ярилцдаг. Энэхүү баярын үеэр архи дарс, муу зүйлийг хэрэглэдэггүй. Иймээс Наурыз нь манай ард түмний эрдэнэ болсон сайхан баяр юм.
Та бүхэн харсан байх, энэ баярыг энэ жил нэлээд өргөн дэлгэр тэмдэглэж байгаа. Сүхбаатарын талбайд өчигдөр казах түмнээс гадна урианхай, тува, дөрвөд гээд бусад үндэстэн, ястнуудын уламжлал соёлыг үзүүлсэн арга хэмжээ болж, соёл уламжлал, идээ будаа, түүхийн үзмэрийнх нь дээжээс авчирсан. Мөн өчигдөр үдээс хойш сайхан концерт тоголсон. Манай залуучууд ямар сайхан авъяастай болсон юм бэ гэдгийг харлаа.
Улаанбаатарт суралцаж буй казах оюутнуудын төлөөлөл, Хилийн цэргийн ансамбль, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд хамтарч их сайхан концерт тоглосон. Бид энэ сайхан концертыг харж, баярлаж бахархаж суулаа.
Баян-Өлгий аймаг өнөөдөр эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй аймгуудын нэгээр тодорсон шүү дээ. Эдийн засаг нь 24 хувь, барилга үйлдвэрлэл нь 30 гаруй хувиар дээшилсэн. Энэ нь манай Баян Өлгий аймгийн иргэдийн хөдөлмөрч зан, идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм. Иргэдийнхээ энэ бүтээлч үйл ажиллагааг төр, засгаас эрчимтэй дэмжиж байгаа.