МАХН-ынхан Төрийн ордны гадаа жагсч байна

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан Төрийн ордны гадаа жагсч байна

МАХН-ын гишүүд, дэмжигчид Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийг Монгол Улсад айлчилж буй үйл явдалтай холбогдуулж Сүхбаатарын талбайд жагсч, улмаар Төрийн ордны гадаа тэмцлээ үргэлжлүүлж байна. Жагсагчдын хувьд Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нь Монгол Улсын Засгийн газрын шугамаар ажлын айлчлал хийж байгаа нь Оюутолгойн гэрээнд нөлөөлж магадгүй гэх хардлага тээж байгаагаа нуусангүй. Тиймээс жагсагчид Монгол Улсын Засгийн газрын сайд нар, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор Монгол Улсад ашиггүй гэрээ хэлэлцээр хийгдэх вий гэдэг болгоомжлол айдсын үүднээс ийн эсэргүүцэн жагсч байгаа аж.

Сануулахад, “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан өмнө нь хоёр удаа болж, гурав дахь үргэлжлэл нь энэ сарын 20-нд болж магадгүй байсан ч хуралдааныг хойшлуулсан юм. Харин ийм үед Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нь Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн урилгаар нэг өдрийн ажлын айлчлал хийж буй. Уг айлчлалыг Монгол Улсын Засгийн газар эхлээд ихээхэн нууцалж, бараг хувиараа л өөрийн хүсэлтээр Монголд айлчлах гэж буй юм шиг ойлголт төрүүлэх хэмжээнд хариулт өгч байсан нь эцэстээ няцаагдсан нь үнэхээр талууд Оюутолгойн гэрээг ярихаар эхнээсээ төлөвлөсөн юм биш байгаа гэх хардлага тээхэд хүргээд байгаа билээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж