Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв
Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах зорилго бүхий “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэн цэргийн алба хаагчдад мэргэжлийн боловсрол олгох ажлыг хамтран зохион байгуулахыг Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн сайд нарт даалгалаа.
Манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга, зохион байгуулалт сул, хөдөлөмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад гадаадын ажиллах хүчнийг татан оролцуулж байгаа нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах төрийн бодлого, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэх, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Засгийн газрын хуралдаанаар “Ой, хээрийн түймрээс учирсан хохиролыг тооцох журам”, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх журам”, “Сум, дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн жагсаалт, “Ой, хээрийн түймрийг унтраах ажилд оролцож байгаа иргэдийн хувийн хангамжинд байх зүйлс, тэдний заавал эзэмшсэн байх арга техникийн жагсаалт”-ыг баталлаа.
Ой, хээрийн түймрээс учирсан хохиролыг тооцох ажлын хэсгийн бүрэлдэхүүн 5-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд түймэрт нэрвэгдсэн талбайд судалгаа явуулах, ой модны шаталтын зэрэг тогтоох, экологийн болон эд хөрөнгийн хохирлыг тодорхойлох, зардал тооцож, учирсан хохирлын акт тогтоох үүрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь мэдээлэл, сургалт, сурталчилгааны болон ойн аж ахуйн арга хэмжээ гэсэн хоёр хэсэгтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
ТОВЧХОН:
-2012 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо, 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо гарын үсэг зурсан “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулсан “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ыг тус тус баталлаа. Хоёр талын цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2, 075, 000. 00 турк лиртэй тэнцэхүйц америк долларын буцалтгүй тусламж олгох үйл ажиллагааг энэхүү хэлэлцээрээр зохицуулна.
-“Засгийн газрын тусгай сангуудын тухай танилцуулга”-ыг хэлэлцэж, тусгай сангуудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах, сангуудын хөрөнгийн удирдлага, ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын тусгай сангуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан 2013 оны Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгав.
-Улс, аймаг, нийслэл, сум дүүргийн болон ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа ойн сангийн талбай, ойн зохион байгуулалтын ажилтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах “Ойн зохин байгуулалт хийх журам”-ыг батлав.
-Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний саналыг хүлээж авах 11 11 төвийн үйл ажиллагааны талаарх танилцуулгыг сонслоо. Энэ таван сарын хугацаанд тус төвд нийт 33000 гаруй санал ирснээс 30 мянгад нь хариу өгөөд байгаа юм байна.