Дуучин, хөтлөгч, жүжигчин Д.Цовоо, “Харанга”-ын Ц.Энхманлайтай хамтран эмэгтэйчүүдийн баяраар бүсгүйчүүдийг баярлуулж "Манай орцны миний багын дуунууд III" цомгийн баяраа “Хайрын дуу” нэртэйгээр хүргэсэн юм. Хоёр уран бүтээлчийн хамтарсан “Манай орцны миний багын дуунууд” цомгийн анхных гурван жилийн өмнө сонсогчдын хүртээл болж байсан бол ийнхүү гурав дахь цуврал нь бэлэн болжээ. Цомогт “Бэр цэцэг”, “Өвлийн үдэш”, “Сумын наадам”, “Дааган хээр”, “Харц”, “Залуу нас сайхан”, “Өнчин тогоруу”, “Амрагтаа”, “Бүжиглэцгээе” гэсэн есөн дуу багтсан бөгөөд 1970, 80-аад оны орцны хит дуунуудыг багтааснаараа онцлогтой аж. Мөн дуучин Д.Цовоо энэ цомогтоо зориулан гитарчин Ц.Энхманлайд 12 утастай шинэ гитар бэлэглэн тэрхүү гитараар цомгийн шинэ уран бүтээлүүдээ эгшиглүүлжээ. Дурсамж хөглөх орцны дуунууд таны залуу насыг эргүүлэн авчрахаар эргэн ирлээ.
А.БҮЖИН