Байгалийн баялгийг эдийн засагт өгөөжтэй, иргэдэд тустай, ирээдүй хойч үеийнхэндээ үлдэцтэйгээр сан бүрдүүлэх талаар нухацтай талбарлалаа. Баялгийн сан байгуулах нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш хэлбэлзэхэд төсвийн тогтвортой байдлыг хангахын дээр төлбөрийн тэнцлийг бий болгож, эдийн засгийг халалтаас хамгаалах хэрэгсэл болдог байна. Энэ бол хамгийн наад захын ач холбогдол. Үүнийг Ботсвана улсын 2008 оны эдийн засгийн хямралыг даван туулсан туршлага харуулна. Тухайн үед алмазны үнэ ханшид өөрчлөлт ороогүй ч газрын тос, зэсийн үнэ гэнэт унаж, тус улсын экспорт зургаан сарын турш зогссон байна. Тэр үед “Баялгийн сан” нь ганц авралын од болсон гэдгийг Ботсвана улсын Төв банкны дэд ерөнхийлөгч асан Кайт Жеффрис хэлсэн. Чилийн хувьд тогтворжуулалтын санг хэдийнэ байгуулсан бөгөөд эдийн засгаа төрөлжүүлсэн нь хамгийн том ололт ажээ. Өдгөө тус улсын экспортын 50 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тал хувийг нь эдийн засгийн бусад салбар эзэлдэг байна. Ер нь бол уул уурхайн баялагтай олон улс орон өөр өөрийн санг бүрдүүлж амжсан. Норвеги л гэхэд өдгөө зөвхөн баялгийн сангийнхаа хүүгээр бүхнийг амжуулдаг гэвэл дэгс дүгнэлт биш гэдгийг экспертүүд тодотгосон. Баялгийн сан нь голчлон гурьан үндсэн бүрэлдэхүүнтэй байдаг гэнэ. Нэгдүгээрт тогтворжуулалтын сан. Энэ сан нь төсвийн тогтвортой байдлыг хангах, эрсдэл тохиолдоход “аврах гарц” аж. Харин хоёр дахь нь тэтгэврийн сан. Хүн амын насжилт өндөрссөн үед Засгийн газрын үүрэх ачааг бууруулахад энэхүү сан тусалдаг. Харин удаах нь ирээдүйн сан аж. Энэ гурван санг бүрдүүлж чадсан тохиолдолд үе үеийн Засгийн газрын ачаа асар хөнгөрөх магадлалтайг зочид хэлж байсан юм.
Форумын төгсгөлд оюутнууд баялгийн хараалаас ангид байгааг юугаар илэрхийлэх вэ, манай улс экспортын бодлогодоо юуг тусгах юэ зэрэг асуултыг зочдоос асууж байлаа. Тухайн улс орон баялгийн хараалаас зайлсхийж чадсан эсэхийг илэрхийлэх хэд хэдэн үзүүлэлт байдаг ч хамгийн гол үзүүлэлт нь нэг хүнд ногдох ДНБ-ий бодит дүн, Засгийн газрын тогтвортой бодлого гэдгийг онцолсон. Засгийн газрын бодлогод хууль хэрэгжүүлж буй байдал, улс төрийн тогтвортой байдал, авлигын индекс, хувийн сектор дахьтөрийн оролцоо, төрийн албаны чанар, улстөрийн эрх, өмчийн эрх гэхчилэн олон зүйлсээр илэрхийлэгдэх боловч хамгийн чухал нь ил тод байдал гэв. Харин экспортын бодлогын тухайд Монгол Улс хятадын зах зээлтэй ойр байгаагийн давуу болоод сул талыг тодорхойлж, бодлогоо боловсруулахыг зөвлөсөн юм. Еврозоны улс орнууд дунд экспортоо урьдын адил хадгалж үлдсэн Герман улс экспортоо төрөлжүүлж чадсандаа амжилттай байгааг жишээ болгон дурдсан.