Хятадад амьдрах гадаадын иргэд шинэ журам мөрдөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Хятадад амьдрах гадаадын иргэд шинэ журам мөрдөнө

Сүүлийн үед Хятад иргэдийн гадаадад байгаа хамаатнууд олноор ирж, тус оронд амьдрах болсон учраас БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны гарах орох асуудал хариуцсан товчоо гадаадынхан тус оронд амьдрах шинэ журмыг гаргаж, ирэх сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр болов. Хятад иргэдийн гадаад хамаатнууд ирэхдээ нэг жил хүртэлх хугацааны виз авна. Хугацаа дууссан тохиолдолд өргөдөл гарган сунгуулах асуудлаа шийдэж болох гэнэ.
Зургаагаас дээш сараар Хятадад амьдрах хүмүүсийг шинэ журмаар таван ангилалд хуваасан байна. Ингэхдээ “Хамаатан садныдаа зочлох”, “орогнох”, “байр худалдан авах”, “тэжээлгэх”, “хүүхдээ хүмүүжүүлэхээр явуулах” зэрэг ангиллаар тодорхой нөхцлийг биелүүлэн Хятадад амьдрах түр хугацааны зөвшөөрөл авч болох ажээ. Хугацаа дууссаны дараа Хятадаас гараад эргэн хэдэн ч удаа орж, гарах эрхийг тэдэнд өгч байгаа гэнэ. Хятад хүний гадаад эхнэр буюу нөхөр, мөн давхар харьяалалтай хүмүүс урт хугацаагаар Хятадад амьдарч болно. Харж хандах хүн нь Хятадад байгаа 60 нас хүрсэн гадаадын иргэд бас ийм эрхтэй болж байна. Түүнчлэн жар хүртэлх насны гадаадын гэр бүл Хятадад орон сууц худалдан авсан бол тэдний хүүхдүүд нь 18 нас хүртлээ тэнд амьдарч болно. Мөн гадаадын иргэн болсон хятад залуус эцэг эхээ асарч халамжлахаар Хятадад амьдрах эрхтэй бөгөөд эцэст нь 18 нас хүрээгүй хятад үндэстэн гадаадаас Хятадад сургаж хүмүүжүүлэхээр эцэг эх нь илгээсэн бол урт хугацаагаар тус оронд амьдарч болох болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж