Эр эмгүй гоёж гоодон, оо энгэсэг түрхэх нь энгийн үзэгдэл болсон хангүг залуусын соёлын давалгаа манайд ч хүч түрж буй. Хүүхнүүд нь гахай үүрч, ганзага дүүрч явахад эрчүүд нь маникюрын ширээний ард хөлөө ачиж суух дүр зураг ихээхэн харагдах болсон нь метросексуал хэмээх шинэ зууны эрчүүдийн нэгэн тип Монголд ч газар авсныг илтгэнэ. Хөлс юу нь үнэртсэн бүдүүн баргийн эрчүүдийг гүндүүгүй сайхан монгол эр хэмээн зөвтгөж яддаг байсан хуучны бүдүүлэгдүү гэмээр ойлголт ийн халаагаа өгч байгаа хэрэг биз. Захын эрчүүд хэтэвчтэй л бол нүүр нүдээ татуулж, мэс заслын ширээнд дээр гоо сайхнаа даатгах нь нэгэнт гайхах зүйл биш болсон. Тэгвэл энэ удаад холливуд смайлын араас хойшуурах эрчүүдийн цуваа эхэлж буй бололтой. Хамгийн сүүлд гэхэд “Камертон”-ы Эба холливуд смайлаар нүүр дүүрэн инээмсэглэх болсон байна. Хэзээд эрчүүдийн моод, трэндийн манлайд явдаг АПУ-гийн П.Батсайхан гэргийн хамтаар холливуд смайлаар гайхуулах болоод удаагүй. Нэгэнтээ эрхэм ерөнхийлөгч Эби “Серамо” эмнэлэгт десант буулгах нь холгүй энэхүү Холливудын кино оддын сайхан инээмсэглэлийн нууцыг сонирхож байсныг бид өмнө нь дуулгаж байсан. Энэ янзаараа олон эрчүүд цагаан шүд яралзуулсан инээмсэглэл худалдаж авах бололтойдогоо.
Нэмж дуулгахад Эбагийн гэргий уран нугараач Ж.Бямбажав саяхан СЭЗДС-ийг дүүргэсэн бөгөөд уран нугаралтын дамжаа хичээлүүлэх төсөл бичиж дипломоо хамгаалсан гэнэ. Тун удахгүй тэрээр бодит амьдрал дээр уран нугаралтын курс хичээлүүлэхээр төлөвлөж байгаа бол дүү Ж.Бямбасүрэн нь makeup студи байгуулж энэ салбарт цахиур хагалахаар ханцуй шамалсан байна. Ж.Бямбасүрэн хатагтайн тухайд Д.Болдын нүүр будаг, стиль имижийг тодорхойлогч бөгөөд энэ нэр алдраараа имижмэйкэрийн салбарт ихээхэн амжилт олно хэмээн дүгнэгсэд олон байна.
Эх сурвалж: www.grandnews.mn