Ачааны автомашины цагийн хязгаарлалтыг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Ачааны автомашины цагийн хязгаарлалтыг өөрчиллөө

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмын төслийг өнөөдөр  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Энэ талаар Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Жаргалсайханаас тодрууллаа.

-Ачааны автомашины ангилалд ямар өөрчлөлт оруулсан бэ?

-НИТХ-аас 2009 онд батлагдсан журмаар бүх жин нь 5500 килограмм/кг/ болон түүнээс дээш жинтэй ачааны автомашинд “С”, бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй жинтэй ачааны автомашиныг “В” гэсэн ангиллаар зөвшөөрөл олгож хөдөлгөөнд оролцож байсан юм.

Шинэчилж байгаа журмаар бол бүх жин нь 3500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашиныг “С” ангиллаар гэж өөрчлөн, чиргүүлтэй автомашиныг “Е “ гэсэн ангиллаар зөвшөөрөл олгохоор болж байна.

-Хотын төвөөр зорчиход цагийн хязгаарлалт хэвээр үргэлжлэх үү?

-"В” ангиллын ачааны автомашин буюу 3500 килограммаас бага жинтэй автомашиныг 10.00-20.00 цагийн хооронд хотын зарим гудамжуудад хөдөлгөөнд оролцохыг хориглох байсныг 11.00-20.00 цаг болгон өөрчиллөө. Мөн С, СЕ ангиллын ачааны автомашиныг бага тойруугийн гудамж, замууд, Энх тайвны өргөн чөлөөнд, Чингисийн өргөн чөлөөнд, Энэбишийн өргөн чөлөөнд, Сөүлийн гудамжинд, усны гудамжинд 08.00-21.00 цагийн хооронд  замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар боллоо.

-Тусгай зориулалтын ачааны автомашинууд  цагийн хязгаарлалтад хамаарах уу?

-Цэвэр усны шугам хоолойн дуудлагын автомашин, дулааны шугам сүлжээний засвар дуудлагын автомашин, холбооны шугам сүлжээний гэмтлийн машин хотын зам барилга, засвар, арчилалт хамгаалалтын автомашин, хотын тохижилт үйлчилгээний автомашин, шуудан зөөврийн автомашин зэрэг ачааны автомашинууд зайлшгүй тохиолдлын үед замын болон дагалдах хуудсанд заагдсан маршрутаар хориглолсон замд нэвтэрч хөдөлгөөнд оролцоно.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж