Нарлаг Маймигаар сонин юутай байна вэ?

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Нарлаг Маймигаар сонин юутай байна вэ?

АНУ-ын Флорида мужийн Майами хотод талбайн теннисний ээлжит цуврал болох “Sony Open Tennis” тэмцээн энэ сарын 18-31-ний өдрүүдэд явагдаж байна.

ATP болон WTA ээлжит тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 128, хосын төрлүүдэд шилдэг 32 теннисчид өрсөлдөж байна. Тэмцээний нийт шагналын сан 10 сая ам.долларт багтаж буй бөгөөд ганцаарчилсан төрлийн аваргууд 719-724 мянган ам.доллар хүртэх бол хосын аваргууд 235-245 мянган ам.долларыг хүртэж, чансааны 1000 оноо хүртэх юм. Тус тэмцээний 128-д үлдэхэд найман мянган доллар хүртэх ажээ. Тэмцээний эргэн тойрон дахь фото мэдээг хүргэж байна.

Шарапова ба "Шугарапова"

ОХУ-ын теннисчин Мария Шарапова өнгөрсөн ням гаригт АНУ-ын Индиан-Уэллст зохиогдсон “Мастерс” тэмцээнд түрүүлснээр нэгэн амжилтын эзэн болсон. Тэрбээр 11 жилийн турш жил бүр ямар нэгэн тэмцээнд түрүүлсэн амжилтаараа түүхийн зургадугаарт бичигджээ. 2003 онд 16 насандаа Японы Токио хотод болсон мэргэжлийн теннисний албан ёсны тэмцээнд түрүүлснээс хойш 11 жил дараалан ямар нэгэн тэмцээнд тэрбээр түрүүлээд байгаа нь өдгөө тоглож буй эмэгтэй теннисчдээс дээд амжилт юм. Энэхүү хугацаанд Шарапова дөрвөн “Их дуулга”-д бүгдэд түрүүлсэн бөгөөд нийтдээ 28 тэмцээнд түрүүлээд байна. Өнгөрсөн онд хамгийн ашигтай ажилласан тамирчдыг “Forbes” сэтгүүл гаргахад Мария Шарапова 27,9 сая ам.долларын хөрөнгөөр эмэгтэйчүүдээс нэгдүгээрт, нийт тамирчдаас тавдугаарт бичигдсэн. Тэмцээн уралдаанаас гадна дэлхийн алдартай “Nike”, “Clear shampoo”, “Sony Ericsson”, “Evian” зэрэг томоохон брендийн нүүр царай болсон тэрбээр багагүй ашиг олдог. Мөн тэрбээр өнгөрсөн онд амттан үйлдвэрлэх “Sugarpova” компани байгуулсан бөгөөд өдгөө түүнээсээ багагүй ашигтай ажиллаж буй. Энэ оны эхээр Нью-Йорк хотноо компанийнхаа нээлтийн ёслолыг хийсэн бөгөөд өдгөө АНУ болон Их Британи, Арабын нэгдсэн Эмират улсуудад худалдаалагдаж буй.

Майамигийн тэмцээнд дөрвөн удаа финалдсан (2005, 2006, 2011, 2012) Шарапова энэ жил түрүүлэх магадлал тээн ирсэн. Магадгүй түүнд чихрийн амттан нь тус болох ч юм билээ. Тэрбээр сүүлийн хоёр жил тус тэмцээний шигшээд үлдэхдээ Беларусын Виктория Азаренка, Польшийн Радваньска нарт ялагдаж байжээ.

Коби ба Жокович

2007 онд Майамид түрүүлж байхдаа Сербийн Новак Жокович 19 нас 316 өдөртэй гэдгээрээ тус тэмцээний түүхэн дэх залуу аваргаар тодорчээ. Тэр цагаас хойш дэлхийн манлай теннисчин Жокович тус тэмцээний сүүлийн хоёр жилийн түрүүг аваад буй.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Индиан-Уэллст зохиогдсон “BNP Paribas Open” тэмцээний хагас шигшээд Аргентиний Хуан Мартин дел Потротой таарч ялагдсан Жокович нарлаг Майамид ээлжит түрүүгээ авахаар зэхэж буй нь лавтай. Тэрбээр тэмцээний өмнө NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн “Лос Анжелес Лейкерс” багт тоглож буй Коби Бин Брайнттай зургаа татуулахаа мартсангүй.

Эрэгтэй теннисчдийн хувьд Швейцарийн Рожер Федерер болон Испаний Рафаэль Надаль нар тус тэмцээнийг өнжиж буй. Олон сар теннисний талбайгаас хөндийрсөн ч өнгөрсөн долоо хоногт Индиан-Уэллст зохиогдсон тэмцээнд түрүүлсэн Испаний Рафаэль Надаль түрүүлсэн. Федерер, Надаль нарын эзгүйд Жоковичид гурав дараалсан түрүүгээ авахад ойрхон хэмээн мэргэжилтнүүд үзэж буй.

Слоан Стефенсийн төрсөн өдөр

Тэмцээний үеэр олон тамирчдын төрсөн өдөр тохиох нь олонтой байдаг. Энэ удаагийн Майамигийн нээлттэй тэмцээний үеэр АНУ-ын залуу теннисчин Слоан Стефенсийн төрсөн өдөр тохиолоо. Өчигдөр (03.20) 20 нас хүрсэн Стефенсийн хувьд өдгөө WTA чансааны 16-д бичигдэж буй. Стефенс энэ оны “Австралийн нээлттэй тэмцээн”-нд гайхалтай тоглолтыг хийж дөрөвдүгээр тойрогт нутгийн теннисчин “Их дуулга”-ын 15 түрүүт Серена Уильямсийг хоёр үеийн турш ялалт байгуулснаар оргил амжилтаа үзүүлсэн.

Стефенс эхний тойрогт Беларусын теннисчинтэй оноолт таарсан бөгөөд түүнийг буулгах аваас дараагийн тойрогт сонирхолтой учраа таараад буй. Өнгөрсөн жил бэртлийн улмаас олон сар тэмцээн уралдаанд оролцоогүй байсан АНУ-ын Винус Уильямс болон өдгөө 42 настай Япон теннисчин Кимико Датэ Крумм хэн хожсонтой нь Стефенсийн таарах учиртай.

Дельфин ба теннисчид

Нарлаг Майамид ирсэн теннисчид дельфинтэй зургаа татуулахаа мартсангүй. Францын Жо-Вильфред Цонга тэргүүтэй эрчүүд, Германы Кербер нарын бүсгүйчүүд ч дельфинтэй цагийг өнгөрөөсөн байна.




Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж