МАН-аас “Оюутолгой” компанид өнөөдөр нэгэн шаардлага хүргүүлсэн байна. Энэхүү шаардлагад “Оюутолгой” ХХК Монгол Улсын болон Олон улсын хууль тогтоомж, гэрээ конвенц, стандартыг дагаж мөрдөн ажиллах ёстой ч хүнийг арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлийг Монгол Улсад төлөвшүүлж байна. Тус компани Монгол ажилчиддаа эрс ялгаатай цалин хөлс олгож байгааг Хөдөлмөрийн яам хяналт шалгалтаараа тогтоосон. Мөн Монгол ажилчинтай ёс зүйгүй харьцсан нь иргэн С.Гантуяагийн гомдлоор илэрсэн. Тиймээс “Оюутолгой” компани Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 8.1 дэх заалтаа биелүүлэх, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенцийн дагуу бүх Монгол ажилчдын хөдөлмөрийг шударгаар үнэлж, гадаад дотоодын ажилчдаа үл ялгаварлан цалин хөлсийг нь эрх нэгжээр тогтоож өгөхийг шаардаж байна” гэжээ.
Мөн “Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон улс орон бүр Олон улсын өмнө түүнийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээдэг билээ. Монголын Засгийн Газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан “Оюу Толгой” компани Олон улсын болон Монгол Улсын өмнө энэхүү үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх үүрэгтэй юм. Энэхүү үүргээ эс биелүүлбээс хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулъя.
“Оюу Толгой” компанийн Удирдлага энэхүү шударга шаардлагыг хүлээн авч, нааштайгаар шийдвэрлэж монголчуудыг хүндэтгэж ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн шаардлагыг хүргүүлэхээр болоод байгаа юм байна.
Ш.ЧИМЭГ