И.Дэндэв нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул бөгөөд Монголын биеийн тамир спортод оруулсан хувь нэмэр нь их гэдэг. Түүнийг “Бадарчин-93” аяллаас ирснээс нь хойш миний бие уулзан, эдэлж хэрэглэж явсан зүйлсээр нь аймгийн музейд үзэсгэлэн гаргаж банхар нохойных нь тухай сонирхолтой зүйл яриулж тэмдэглэж авсан билээ. Мөн хүргэн хүү У.Отгонбаяр нь “Аян замын тэмдэглэл” нэртэй таван боть ном хэвлүүлсний гуравдугаар ботиос зарим зүйлийг тодрууллаа.
Тэд 1993 онд Монголоос Америк хүртэл явганаар явахдаа Сибирь, Якут, Чукотка, Аляскаар жил орчим явж зорьсон газраа хүрсэн билээ. Аргагүй байдлаас болж монгол банхараа Чукоткын Анадырь хотод айлд үлдээсэн гэдэг. Аялал дууссанаас хойш жилийн дараа И.Дэндэв гуай нохойгоо авахаар Чукотка нисчээ. Сибирийн их тайга дээгүүр нисч явахдаа банхар маань байдаг л байгаа даа гэж сэтгэл зовж явсан гэдэг. Банхар нь зүрх цагаан, улаан халтар том биетэй нохой байж.
Догшин энэ нохой аяллын явцад хонь шиг номхорсон боловч хэрэгтэй цагт араатан зан нь заавал илэрдэг байсан гэнэ. Аяллын замд шөнө тайгын харанхуйд сайн харуул манаа болдог байж, Банхарын хуцалт хол газарт лүн лүн гэж сонсогддог тул хэрийн чонын улиан тасалддаг байж. Араатан амьтад бусдыгаа дуу хоолойн цараагаар хир хүчтэй амьтан болохыг мэдэрдэг бололтой юм билээ гэж ярьж билээ.
Эздийнхээ харцнаас тэр бүхнийг сайн ойлгодог байж. За ядарч байна, амаръя даа гээд буудаллах хуурай газар хайхыг андахгүй өөрөө газар олоод хэвтчихдэг байсан гэдэг. Хэдэн удаа баавгайтай тааралдaхад золтой л баавгай руу дайрч орчих гээд арайхийж тогтоож байжээ. Якутын жижиг тосгодоор дайран өнгөрөхөд банхар нэг удаа хэрэг дэгдээсэн нь их сонин.
Айлын хашаанаас хашаа дамжин хэдэн нохдыг нь гаслуулж бөөн хашгираан болжээ. Сүүлдээ нөгөө гуравтаа загнуулснаас хойш тактикаа өөрчилжээ. Тосгон дундуур явахад олон нохой түүнийг боргоон дайрахад банхар сүүлээ хавчаад шогшино. Нөгөөх аймаар банхар хаачив гэмээр болдог байж.
Иймэрхүү янзаар явахад нөгөөх ноход догшрон улам боргооцгооно. Тосгоноос холдонгуут ганц ухаcxийж нөгөө хэдэн нохдыг хүрздэж байгаа юм шиг тараагаад орхижээ. Хууртагдсан ноход тосгон руугаа сүүлээ хавчаад жилийн одсон гэдэг. Якут, Магаданы хязгаарыг туулж Чукотка ороход банхар их л ядарч туржээ. И.Дэндэв гуай лаазалсан хоол идэж, бэлэн диван дээр унтдаг нохойноос монгол нохойн тэвчээр тэс өөр юм билээ гэж ярьж билээ.
Банхар том ясыг сахар шиг хагалан идэж олон хоног, хоол ундгүй шогшиж, хүйтэн бороо, цасан шамраганд хээв нэг унтаж байх нь бахархмаар байсан гэдэг.
И.Дэндэв гуайг нохойгоо авахаар Чукоткын Анадырь хотод буухад намрын шаргал наран ээж Агнуурын тэнгисээс зөөлөн салхи үлээж байх нь таатай сайхан байсан ч нэг л сэтгэл нь түгшсээр банхараа үлдээсэн Протасович гэх айлын хаалгыг тогшиход өөдөөс нь баавгай шиг амьтан гүйж ирсэн нь банхар нь байжээ. Тэр загас идсээр байгаад зоолж таргалан багахан баавгай шиг болсон байж.
Эзнээ үзээд гасалж гангинаж, нохойн хэлээр бол уйлж, нүдийг нь харахад өрөвдөлтэй нь аргагүй. Эзнээ харж дахиад намайг битгий орхиорой гэх шиг санагдаж билээ гэж шагширч байсан нь санаанд байна.
Банхар Анадырь хотынхны амны уншлага болсон айхавтар араатан болсон байж. Далайн гахай руу дайрч хадруулж ч үзэж.
Банхар эзнээсээ алхам ч холдолгүй, өглөө босоход хөлийг нь дэрлэн санаа нь амарсан бололтой унтаж байсан гэдэг. Мань хүн нохойгоо аваад Анадыриас нисч Эрхүүд буужээ. Эрхүүд нэг хоноод маргааш нь Улаанбаатар нисэх ёстой байж гэнэ. Эхлээд Эрхүү хот дахь Монголын Консулын газраар оржээ. Консул өөрөө гарч ирэн банхарыг илж, Чукоткаас авчирсанд баяр хүргээд хамт зургаа авахуулсан гээд үзүүлж байсан.
Тэнд байсан хэдэн монгол залуу банхар тэр хоёрыг хоолонд урьж дагуулан явжээ. Тэд явсаар Эрхүүгийн зах дээр ирж гэнэ. Тэдний сургаар наймаа хийж байсан монголчууд цувж гарч ирсээр олон хүн цугларч гэнэ.
Наймаачид банхарт шарсан хавирга, плов өгч дайлж дээ. Энэ үед хэдэн орос залуус нэг нохой хөтөлж ирснээ банхарыг зааж нохойгоо зодолдуулъя гэж гэнэ. Бүдүүн гинжээр уясан дарвайсан том ам, булчин шөрмөс болсон дөрвөлжин биетэй зодооны тэр нохой байж ядам байгааг хараад И.Дэндэв гуай дотроо айсан гэдэг. Зодоонд зориулагдсан энэ нохой яаж ч мэднэ, больсон нь дээр гэж боджээ. Тэнд байсан монголчууд зодооныг өдөөсөн учир орос, монгол хөөрсөн хүмүүсийг хараад аргагүйд хүрч банхарын хүзүүвчийг мултлан “туу” гээд тавьчихаж. Зодооны нохой харван орж ирээд маш хурдтайгаар банхарын энд тэндээс хэд хэд хазаад авч гэнэ. Тэгнэ гэж банхар бодоогүй бололтой нөгөөх нохойг ахин дайрахад цээжээрээ түсхийтэл мөргөж, улмаар хүчит савраараа газарт даран шилэн хүзүү багалзуурыг нь тас зуун сэгсрэхэд зодоонч нохой гаслах, хахирах муухай дуу сонсогдож шороонд хутгалдсан байж гэнэ. Оросуудыг салгаад өгөөч гэж гуйхад монголчууд үргэлжлүүлье гэж хашгирцгааж байсан гэдэг.
Банхарыг арайхийж салгахад түүний соёо цус болж нөгөө нохой руу хэр хэмжээгээ мэдээрэй гэх шиг ширүүн харж байжээ. Энд тэнд пивоны бөглөө пүд пүд хийх дуу гаран монголчууд “Вот видишь эта, Монгольская собака” гэж хашгирцгааж байлаа гэж ярьсансан. Маргааш нь тэр хоёр Эрхүүгийн нисэх буудал руу хөдөлжээ.
Нислэгийн хүлээлгийн танхимд орoход Улаанбаатар нисэх хүмүүс дугаарлан зогсч, банхарыг хараад хүмүүс шивэр авир болж гэнэ.
Монгол, Орос, Америкийн далбаа нөмөргөсөн банхар сүртэй харагдаж байсан гэдэг Эзэндээ үнэнч нохойн гайхамшигтай сайхан чанарыг үүрд дурсахын тулд Монгол банхартаа зориулж нэг сайхан хөшөө босгох юм сан даа.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин