БНАСАУ-ын эмэгтэйчүүд гурав хожжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын эмэгтэйчүүд гурав хожжээ

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй клубуудын аварга шалгаруулах “Хаврын нээлттэй” тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт үргэлжилж байна.

Өчигдрийн хувьд хамгийн сонирхолтой тоглолтоор эрэгтэйчүүдээс “Буянт-Ухаа”, “Эрчим” багуудын тулаан байв. Учир нь, өнгөрсөн жилийн лигүүдэд хамгийн хүчтэй өрсөлдөгч болж чаддаг “Буянт-Ухаа”-гийн залуус энэ удаа тааруу тоглолтуудынхаа нэгийг үзүүлэв. Хоёр хүчирхэг багийн тулаан сонирхолтой байх болов уу хэмээн таамаглаж байсан. Гэвч тийм байсангүй. Эхнээс л сул тоглолт үзүүлсэн тэд “Эрчим”-д 1:3-аар хожигдлоо. Эхний хоёр үед “Эрчим”-ийн залуус нэрэндээ тохирсон эрчимтэй тоглолт үзүүлж партын харьцааг 2:0 болгосон. Харин гуравдугаар үед “Буянт-Ухаа”-гийнхан нойрноосоо сэрж тоглолтыг эргүүлэх оролдлого хийснээр 25:23-аар хожил авсан. Гэхдээ тэдний сэргэлт хол явсангүй. Улмаар дөрөвдүгээр үед “Эрчим” санаачилгыг авч гол өрсөлдөгчөө буулган авлаа. Тэгвэл эмэгтэйчүүдээс “мөнхийн өрсөлдөгч” гэгдэх “Энагура”, “Есөн-Эрдэнийн уурхайчин” багийн тоглолт бас л олны анхаарлыг татаж байв. Нэг ч ялагдал амсаагүй байсан “Уурхайчин” охидыг энэ удаа “Энагура” 1:3-аар хожиж эхний тойрогт ялагдсан хариугаа чангахан авлаа. Эхний үеийн “Энагура” өөрсдийн талд эргүүлсэн ч дараа нь “Уурхайчин” тэнцүүлсэн. Аваргын төлөө өрсөлдөх магадлал өндөртэй “Уурхайчин”-ы тааруу тоглолт дээр дөрөөлөн “Энагура” тун хэрэгтэй ялалтаа байгуулав. Тэдний дараагийн өрсөлдөгч нь хашир “Эрчим” байх аж. Харин “Уурхайчин”-ы охид “ТЭЦ IV”-ийг эсрэг талбайд гарна.

Манай улсын “Хаврын нээлттэй” тэмцээнд урилгаар оролцож байгаа БНАСАУ-ын армийн “Дөрөвдүгээр сарын 25” багийн эмэгтэйчүүд нь гурван тоглолт хийж гурав хожжээ. Тэд эхлээд “ТЭЦ IV”-ийг 3:2, улмаар “Багануур”-ыг 3:0, өчигдөр “Эрчим”-ийг 3:1-ээр буулган авсан байна. Тус багийн эмэгтэйчүүд туршлага бага, нуруу намтай ч хурдаар манай бүсгүйчүүдээс арай илүү байгаа нь хожил авах гол шалтгаан болж байгаа бололтой. Харин эрэгтэйчүүд нь бүх талаараа жигд аж. Тэд эхний тоглолтдоо “ТЭЦ IV”-ийг 3:0-ээр хожсон бол өчигдөр МУИС-ийн багтай тоглож байлаа.

“Дөрөвдүгээр сарын 25” баг нь Ардчилсан Солонгосын Армийн аварга шалгаруулах тэмцээнд нэг удаа түрүүлсэн амжилтыг үзүүлсэн байна. Сонирхуулахад, тус улсын волейболчид 30-аад жилийн дараа манай улсад ирж байгаа юм.

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж