Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр 1983-2007 онд Британийн парламентын гишүүн, 1994-2007 онд Хөдөлмөрийн намын дарга, 1997-2007 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсныг манайхан андахгүй. Хөдөлмөрийн намын өмнөх удирдлагаас ялгарах, социализмын тухай уламжлалт ойлголтоос зайлсхийх зорилгоор хувь хүмүүсийн нийгмийн харилцан хамаарал, нийгмийн шударга ёс, эв нэгдэл, иргэдийн тэгш эрх, ижил боломжийг онцолж дурдсан “шинэ Лэйбор” гэдэг зарчмыг дэвшүүлсэн. Тони Блэйр Хөдөлмөрийн намыг хамгийн удаан хугацаанд удирдсан лидер байсан бөгөөд түүний ачаар Хөдөлмөрийн нам гурван удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж байжээ.
Тэрбээр 2007 оны зургадугаар сард Ерөнхий сайдын албаа дуусгавар болгосноос хойш Ойрхи Дорнодын Квартет (НҮБ, Европын Холбоо, АНУ, ОХУ)-ын энхийн асуудлаарх элчээр ажиллахын зэрэгцээ улс төр, эдийн засаг, засгийн газрын шинэчлэлийн асуудлаар стратегийн зөвлөгөө өгөх “Tony Blair Associates“ пүүс байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Харин Монголд ямар зорилгоор гэнэтийн айлчлал хийж буй талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна.
Д.ЦЭЦЭН