-Уржигдар болсон орон сууцжуулах хөтөлбөрийн талаарх хэлэлцүүлгээр хаанаа, юунаас болж гацсан нь маш тодорхой болсон. Үүнийг 2012 оны хоёрдугаар сарын 2-ны Засгийн газрын 55 дугаар тогтоолоор 200 тэрбум төгрөг босго гэсэн үүргийг Төрийн банкинд Хөгжлийн банкнаас үүрэг өгсөн. Ямар ч эх үүсвэргүй хөтөлбөрт тогтоол шийдвэр гаргасан нь тодорхой боллоо. Гэхдээ бид одоо өмнө, хойнох Засгийн газрын буруу гэхээсээ илүүтэйгээр энэ байдлаас яаж гарах вэ гэдгээ хэлэлцэх нь зүйтэй. ОССК-ийн хувьд өмнө нь “4000 орон сууц”, “40 мянган айлын орон сууц” зэрэг зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан арвин туршлага бий. Хэрвээ Засгийн газраас хохирсон 2638 иргэний асуудлыг шийдэхдээ манайхаар дамжуулбал илүү бодитой үр дүн гарах болов уу гэж харж байна. Яагаад гэвэл өчигдрийн хэлэлцүүлэг дээр албаны хүмүүс зээлийн хүүгийн асуудлыг нэлээд их ярилаа. Тэд өндөр хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд санал болгож байна. Өнөөдөр ОССК-д боломж олгож, Засгийн газраас бага хүүтэй хөрөнгийн эх үүсвэр өгвөл бид 0.2 хувийг нь л өөрсдийн үйл ажиллагааны зардал болгон ард иргэддээ 20 жилийн хугацаатай зээл олгох боломж байгаа. Тэгэхээр энэ хэдхэн хүний асуудлыг шийдчихээд Засгийн газраас дараагийн шинэ хөтөлбөртөө хүүгийн асуудлаа оновчтой тусгах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Эх үүсвэрээ оновчтой зөв гаргалгаагаар төлөвлөөд, түүнийгээ арилжааны банкуудаар олгодог ч юм уу, өөр хувилбарыг сонгож болно шүү дээ.
-Бид бага хувийн хүүд ач холбогдол өгснөөр эргээд зах зээлд орон сууцны үнэ өсдөг ч юм сөрөг үр дагавар урган гарсаар байна. Иргэдийн зүгээс зургаа биш, найман хувийн хүүтэй зээл аваад эргүүлэн төлөх боломж байна. Гол нь зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрийнхөө агуулгыг зөв мэдэрч зохион байгуулахыг хүсч байна гэсэн?
-Энэ хөтөлбөрт бага, дунд орлоготой буюу зорилтот бүлгийн хүмүүс хамрагдахаар зорьж байгаа нь мэдрэгдэж байгаа. Угаасаа анхнаасаа тэгж зарласан. Цалингийн тодорхойлолт, орлогын эх үүсвэрээс шалтгаалан өрх бүр хямд үнэ өртөгтэй орон сууц сонгож, урт хугацаанд төлөх зээлийг сонгосон. Харин боломжийн орлоготой, дунджаас дээгүүр түвшний амьдралтай хүмүүс зах зээлийн ханшаар орон сууц худалдаад авчихсан байх гэж найдаж байна. Харин бага, дунд орлоготой өрхүүд 20 жилийн туршид өөрсдөд нь хэт ачаалалгүй, улсад хохиролгүй байдлаар орон сууцтай болох зорилготой байгаа.
-Хохирсон 2638 иргэн зорилтот бүлэгт хамаарах хүмүүс байж чадаж байгаа юу. Үүнийг ОССК судалсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Тэд энэ бүлэгт хамаарч байгаа. Бид судалж үзсэн учраас Төрийн банк руу бичиг баримтыг нь шилжүүлдэг.
-Хохирсон иргэдийн асуудлыг ОССК өөрөө шийдэх боломж бий юү. Өмнөх долоо хоногт бололцоотой гэж мэдэгдэж байсан?
-Тийм ээ. Бид өмнө нь “4000 айлын орон сууц”-ны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Түүний 152 тэрбум төгрөгийн актив байгаа. Түүнийгээ хоёр дахь зах зээлд гаргаж, зохих хэмжээний гадаад дотоодын компаниуд, хөрөнгө оруулагчдад санал болгоод хүүгийн асуудлыг зохих хэмжээний зах зээлийн жам ёсоор нь шийдэх боломж бий.
-152 тэрбум төгрөг нь хэчнээн хүний асуудлыг шийдэх боломжтой мөнгө вэ?
-4000 гаруй хүний амьдралын орчинг шийдэхэд хүрэлцээтэй мөнгө. Тиймээс бид Санхүүгийн зохицуулах хороонд материал бүрдүүлж өгч байгаа. Хууль дүрмийн дагуу явж эрхээ авна. Түүнийгээ Сангийн яам, Төвбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрлөө авах ёстой. Тэгэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа орно. Юу ч ирэх долоо, наймдугаар сард эхний эх үүсвэр болох бондоо зах зээлд гаргах бодолтой байгаа.
-Одоогийн нөхцөлд хүүтэй ноцолдох бус орон сууцны үнэтэй тэмцэх хэрэгтэй юм шиг санагдана. Үнэ хэтэрхий их өсчихөөр бага хүүтэй байсан ч өндөр хүүтэй зээлээр орон сууцтай болж байгаагаас ялгаагүй болж байгаа. Харин үүнтэй зэрэгцүүлэн ам метр нь 950 мянган төгрөгийн орон сууцыг ОССК бариулна гэх мэдээлэл гарсан. Үүнийхээ тооцоог гаргасан уу?
-Хүн бүр өөр өөр байр суурьтай байдаг. Зарим хүн төр зах зээлийн үнийг өөрсдөө тогтоож байна гэх зэргээр биднийг шүүмжилсэн. Энэ бол тийм биш. Хүн бүр зорилтот хөтөлбөрт хамрагдах албагүй. Зорилтот хөтөлбөр гэдэг чинь өөрөө асуудал шүү дээ. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй, шинэ залуу гэр бүл, өндөр настан багтдаг. Энэ хүмүүст төрийн бодлогыг хүргэж байгаа байгууллага шүү дээ. Түүнээс бид тэр айхавтар зах зээлд нь ороод, үнийн асуудалд нь хутгалдаад байгаа юм биш. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй байна. Монголбанкнаас сая төгрөгөөр барьсан байрны чанар ямар байх вэ гэсэн асуудлыг хөндөж байсан. Барилгын стандарт гэж зүйл байдаг юм билээ. Би барилгын инженер биш л дээ. Гэхдээ барилгын арматур, цемент, элс, хайрга, цемент, цонх, хаалга нь бүгд нэг стандарттай. Нэгэнт эх биеийг нь босгосон байхад дотор заслаа хэрхэн хийх нь тухайн барилгын компанийн асуудал. Дотор заслаа хэр хийснээрээ үнэ ялгардаг. Тодруулбал, Баянхошуунд барьж байгаа барилга, Зайсанд барьж байгаа барилга хоёрын үндсэн материал нь ижилхэн шүү дээ.
-Үнэ сая төгрөгт багтах боломж байгааг ШӨХТГ-тай хамтран тогтоосон байсан. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Үүнийг судалгаагаар гаргасан. Мөн бодитой барьчихсан барилгууд ч байна. Бидний хувьд бондын хүү зэргээ нэмээд бодит өртөг нь 750-850 мянган төгрөгт байх боломжтой гэж үзэж байгаа.
-Зарим хүн үнийг нэг түвшинд барих нь буруу гэсэн байр суурьтай байна?
-Зах зээлийн үнийг бид тогтоогоод байгаа юм биш. Зүгээр бодит өртөг нь тийм бана гэсэн мэдээллийг л иргэдэд хүргэсэн. Мөнгөтэй чинээлэг хүмүүс нь зах зээлийнхээ жамаар өндөр үнэтэй хувийн орон сууцаа авдаг л юм байгаа биз. Түүнийг хэн ч хорихгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монголын хүн амын хэдэн хувь нь ядуу байгаа билээ. Хоногтоо хоолны махгүй, өдөртөө талхны мөнгөгүй өнжиж байгаа өрх олон байгаа. Орон сууцны эрэлтэд судалгаа хийхэд л хүмүүсийн 70 хувь нь жижиг талбайтай байр сонирхдог. Шинээр баригдаж байгаа орон сууцны 70 хувь нь 55-аас доош ам метр талбайтай байгаа. Харин таван хувь нь 200-300 ам метртэй, үлдсэн 10-аад хувь нь 70-100 ам метрийн талбайтай байр байгаа. Үүнээс ажиглахад монголчуудын амьдрал ямар түвшинд байгаа нь харагдаж байна.
-Цаашид асуудлыг шийдвэрлэхийн тулд хэд хэдэн банкаар зээл олгох вэ, Зөвхөн Төрийн банкаар олгох уу8 эсвэл ОССК-д энэ эрхийг шилжүүлэх үү гээд янз бүрийн гарцыг хайж байна. Төрийн банк зургаан хувийн хүүгийн гурван хувийг бид авдаг. Үлдсэн гурван хувийг төрд өгдөг гэнэ. Энэ талаар ямархуу бодолтой байгаа вэ?
-Би банкны мэргэжилтэй биш. Харж байхад зорилтот хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүс банкны өндөр хүүг төлж дийлэх үү гэдэг асуудал. Бид төрийн бодлого явуулж байгаа гэдэг утгаараа банк шиг өндөр хүү гэхгүй төрийг хохироохгүй, иргэдээ чилээхгүй алтан дунджийг барьж ажиллах боломжтой. Өнөөдөр ОССК үйл ажиллагаа явуулсны үр дүнд 0.2 хувийг л хүртдэг. Хэрвээ Засгийн газраас зохих хэмжээний хөнгөлөлттэй, бага хүүтэй хөрөнгийн эх үүсвэр шийдээд өгчихвөл бид 0.2 хувийн нэмэгдэлтэйгээр энэ үйл ажиллагааг шийдэх боломжтой. Гэхдээ одоогийн хохирсон 1600 гаруй хүний асуудлыг л ярьж байгаа шүү. Түүнээс цааш шинэ хөтөлбөр тусдаа өөр зүйлээр зохицуулагдах ёстой.
-ОССК хохирсон иргэдийн асуудлыг шийдэхэд хууль эрхзүйн орчин шаардлагатай юу?
-Тийм ээ. Хувь нийлүүлсэн Сангийн яам, БХБЯ, НЗДТГ тушаал захирамжаа гаргаж, Засгийн газрын шийдвэрийн дагуу шийдэх асуудал. Засгийн газар дэмжвэл бололцоо харагдаж байгаа.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин