-“Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийг шийдсэн анхан шатны шүүхийн тогтоолд прокурор эсэргүүцэл бичсэн байна. Тогтоолын аль хэсгийг эсэргүүцсэн юм бэ?
-Шийтгэх тогтоолын 13 дахь заалтад “Хувьцаа эзэмшигч болох хадгаламж эзэмшигчийн 12 тэрбум 750 сая 970 мянган төгрөгийг Сангийн яамнаас гаргуулж нэр бүхий 1248 хувьцаа эзэмшигч болон хохирогч Ц.Даваадорж, Х.Тогоохүү нарт олгосугай” гэсэн байдаг. Энэхүү заалтын дагуу төр “Анод” банкны хувьцаа эзэмшигчдэд хохирсон хохирлыг барагдуулахаар байгаа. Мөн тогтоолын 14 дэх заалтад, “Иргэний хариуцагч “Жи энд Юу гоулд” компанийн захирал Б.Чинтөмөрөөс 11 тэрбум, “Ай Ти Зэт” компанийн захирал Э.Батболдоос гурван тэрбум орчим, “Гүн төгөл” компанийн захирал Э.Оюунчимэгээс 1.9 тэрбум, “Шивээ говь флюорит” компаниас дөрвөн тэрбум “Секоя” компаниас 2.4 тэрбум, “Амонда” компаниас 582 сая “Жи Эс” компаниас 388 сая, “Интерпей” компаниас 1.3 тэрбум, “Коул Дизель Монголиа” компаниас 650 сая, “Мон сити” компаниас гурван тэрбум орчим төгрөгийг гаргуулж “Анод” банкны эрх хүлээн авагчид олгосугай” гэсэн заалт бий. Энэ хэсгээс харвал нэр бүхий арван компаниас нэлээдгүй их мөнгө гаргуулахаар болсон гэдэг нь харагдаж байна. Дээрх заалтуудыг өөрчлүүлэхээр эсэргүүцсэн юм.
-Эсэргүүцэл бичсэн шалтгааныг нь тайлбарлаж болох уу?
-“Анод” банкнаас гаргасан нэгж хувьцааны нэрлэсэн үнийг Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор 1080 төгрөгөөр тогтоосон байдаг. Үүнийг үндэслэн найман сая 564 мянга 541 ширхэг хувьцааны үнэ есөн тэрбум 240 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт, мөн хохирогч Ц.Даваадоржийн гурван тэрбум 446 сая төгрөг, Х.Тогоохүүгийн 55 сая төгрөг буюу 12 тэрбум 750 сая гаруй төгрөгийг төрөөс олгох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 2008 онд баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 2.1-т “Банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс гаргах баталгаа нь мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий, Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид хамаарна” гэж заасан байдаг. Тэгэхээр дээрх иргэн, хуулийн этгээд нь “Анод” банкин дахь мөнгөн хадгаламж эзэмшигч биш, тус банкны хувьцааг худалдаж авсан хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нар юм. Ийм учраас хувьцаа гаргагч нь дээрх хөрөнгийг банкны ажиллагаанд зарцуулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон.
-Тэгэхээр хохирлыг төрөөс гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм уу?
-Тэгж хэлж болно. Иймд ялтан Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа нараар найман сая 564541 ширхэг хувьцааг эзэмшигч 1248 иргэний хохирол болох есөн тэрбум 249 сая 704280 төгрөг, мөн хохирогч Ц.Даваасүрэн, Х.Тогоохүү нарын хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэх ёстой гэж үзлээ.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин